March 7, 2009

Emchee

Teoman ii doktor duunaas orchuulav/ sedevlev

Эмчээ

Хүлээлгийн өрөөнд доош гөлрөөд би хүлээнэ
Хүйтэнд бээрсэн гараа ноорхой ханцуйнаас гаргалаа
Хиртэй сайртай хумс нь ургасан хуруунуудаа харлаа
Хэнээсээ ч ичих билээ дээ, энэ байдалдаа дасчихаж

Эмчээ эмчээ
Хүмүүс намайг тоодог ч үгүй эмчээ
Хүмүүс намайг анхаардаг ч үгүй эмчээ
Хүйтэн хөндий харьцаж ойртохыг ч тэд хүсдэггүй
Хүний тооноос би аль хэзээний хасагдсан

Амьд явахдаа би үргэлж ийм байсангүй
Ажил үйлстэй айл гэртэй амьдралтай байсан
Алхах замаа ололгүй алдаж гишгэсэн
Архи гэгчтэй нөхөрлөөд авсан бүхнээ алдсан

Эмчээ эмчээ
Хүмүүс намайг хүсдэг ч үгүй эмчээ
Хүмүүс надад хүрдэг ч үгүй эмчээ
Харцанд нь өртвөл хялавхийн хардаг
Харсан зүгтээ зугатан оддог

Хүлээсэн улсуудын дараалал дуусахад
Хулгасхийн айсаар би орлоо
Харж гайхсан эмч дээр би очоод

Эмчээ эмчээ
Өтөл насандаа ингэж яваа нь миний азгүйнх
Өвдөж зовсон ч арчлах аргагүй миний хүчгүйнх
Өрөвдүүлэхийг хүссэндээ ч биш эмчлүүлэхээр ирсэндээ ч биш
Өр зөөлрүүлэх дулаахан үг ганцыг хэлээч өөр ертөнц рүү тайван явъя

No comments: