Хотын гудамжинд шөнө болжээ
Хэн мэдэх вэ захын хороололд юу болж байгааг амьдарч үзсэнгүй
Хэрүүл зодоон хулгай дээрэм архидалт завхайрал л болж байгаа биз
Хотын төв нь ч ялгаагүй ямбатнууд нь шоудацгааж
Хөгшин залуугүй хөлчүүрэн хүүхнүүд хайлцаж байхад
Үнэтэй өнгөтэй архиар өөрсдийгөө тэд хүндлэнэ
Өндөр гуалиг охидоор өөрсдийгөө тэд үнэлэнэ
Унасан сайхан хөлгөөрөө өөр хоорондоо өрсөлдөж
Уусан идсэнээрээ гайхуулан өнөө шөнийг өнгөрөөнө
Гадна нь харин хэдэн хүүхэд халтар царайлан сууна
Гараа тосон гуйлга гуйж өнөөдрөө аргацаах арга хайна
Оюутан нэртэй хэдэн залуучууд сургалтын төлбөрөө олох гээд
Олон төрлийн бараа барин олны дундуур алхацгаана
Аятайхан аргаар мөнгө саах гэсэн охидыг энд бичсэнгүй
Атган дахь зоосондоо зугаа хайсан гадныхныг ч бас бичсэнгүй
Амьдралаа залгуулах гэсэн энгийн иргэдийг ч бичсэнгүй
Арай ондоог эрэлхийлэх зарим нэгнийгч бичсэнгүй ээ
Хотын гудамжинд маань шөнө болсон ч амьдрал үргэлжилсээр
Хормойн донтой хөрөнгөтэй хүмүүст үйлчилгээ үргэлжилсээр
Нэгэн цагийн нам жим хот маань нэгэнт солигджээ
Нэг шөнийн энэ дүрслэл нэг хэсэгтээ л үргэлжлэх бололтой
Хотын гудамжинд шөнө болжээ
No comments:
Post a Comment