September 26, 2009

L.Bolormaa Taktikiin horongo oruulagch gej hen be?

Ene Mongoliin business orchin herhen soligdoj baigaa tuhai bichsen bas negen niitlel baina. Negent gazar oromdoh uhah yumaa oorsdoo uhaad value add hiij chaddaggui yum bol yagaad negent technology n baigaa talhiig endee uildverleed uurhain hothoniig hangaad baij bolohgui gej, sanadag l sanaa. Business erhlegchded, businesst orohoor zorigsdod sain niitlel bolson baina.

Энэ бол уул уурхай дагасан олон төрлийн үйлчилгээгээр бизнес хийх сонирхолтой хүмүүс. Эв нь таарвал Монголд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй. Эцэст нь тэд стратегийн хөрөнгө оруулагч болж шат ахиж ч мэднэ. Ийм сонирхолтой бизнесийнхэн хөдөлгөөнд орж" эхлээд байна. Албан ёсны тодорхойлолтоор тэднийг бэлтгэн нийлүүлэгчид гэдэг. Бэлтгэн нийлүүлэгчид Монголын уул уурхайн салбарт маш том боломж бийг мэднэ. Оюутолгойн орд газрыг эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр Рио Тинто болоод Айвенхоу Майнз компанийн том боссууд Улаанбаатарт ирээд байгаа сургаар бэлтгэн нийлүүлэлтийн бизнес эрхлэгчдийн идэвхжил эрс нэмэгдэв.

Аль ч уурхайнхан талх иднэ. Нүүрээ угаана. Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөнө. Орон байранд амьдарч таарна. Унаандаа шатахуун хийнэ. Банкаар үйлчлүүлнэ. Эмнэлэг, эм тариа хэрэгтэй. Бичиг хэргийн зардал гарна. Ерөөсөө энэ жагсаалт маш урт. Уул уурхайн үйлдвэрлэл дагасан бүхий л үйлчилгээг ханган нийлүүлэгчид гүйцэлдүүлдэг агаад энэ бол шууд ашгаа өгөх сайн бизнес юм. Чухам энэхүү асар том боломжоос манай үндэсний жижиг, дунд, том бизнесүүд хувь хүртэж чадах эсэх тухай яг одоо ярих цаг болоод байна.

Оюутолгой" төсөл 300 орчим компанийн үйлчилгээг авдаг гэсэн баримт бий. Уурхайн ажил эхлээгүй, өнөөгийн түвшинд шүү дээ. Харин эдгээрийн дийлэнх нь Хятадын компаниуд байдаг гэж Туушин" компанийн Гүйцэтгэх захирал Д.Зоригт хэлэв. Тэгэхээр уул уурхайн том төслүүдээс Монгол улсад бий болох учиртай нэмүү өртгийн талаар одооноос анхааралтай судлах хэрэгтэй болж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд бэлтгэн нийлүүлэлтийн бэлэн зэлэн сүлжээтэй харьцахыг илүүд үздэг. Уул уурхайн салбарт хэрэгцээтэй бүхнийг нийлүүлдэг дэлхийн сүлжээ компаниуд манай хаяанд, Хятадад олноороо бий. Тэгэхээр уурхай дагасан маш олон төрлийн бизнесийн боломжийг, ашиг орлогыг Монголдоо үлдээх ямар гарц бидэнд байна вэ? Тактикийн хөрөнгө оруулагч нь яагаад үндэсний компаниуд байж болохгүй билээ?

Гадаадын ханган нийлүүлэгч компаниуд Монголд аль хэдийнэ судалгаа хийж эхэлсэн бөгөөд тэд манай улсад байрны түрээс дэлхийн аль ч орны жишгээс маш өндөр гэсэн дүгнэлт хийгээд байна. Түүнчлэн говийн бүсэд олон орд газар ашиглаад эхэлмэгц агуулахууд их хэрэгцээтэй болно гэж үзэв. Эндээс , ойрын жилүүдэд говийн аймгуудад үл хөдлөх хөрөнгө үнэд орно гэсэн прогноз хийж болохоор байгаа биз. Тэр байтугай өрөмдлөгийн машин эвдэрвэл засвар үйлчилгээг эндээ хийх ёстой болно. Өдийг болтол ийм үйлчилгээ хийлгэхээр Австрали руу өрөмдлөгийн машинаа ачуулж байсан туршлага" бий. Уурхай дагасан хот суурин газрын хэрэгцээг энд тоочвол барагдахгүй. Нэг үгээр Тавантолгой", Оюутолгой" хэмээх том үгсийн хаялганд , ердөө хажууханд бизнесийн хязгааргүй боломж бий. Тэрбумаар дүн нь хэмжигдэх ханган нийлүүлэлтийн бизнест гадаадын компаниуд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Орон зайгаа эзлэх өрсөлдөөнд одооноос орооч ээ хэмээн Монголын жижиг дунд, ерөөс бүхий л бизнесийнхэнд уриалмаар байна.

Уул уурхайн ордуудад хөрөнгө оруулагч гадаадын компани Монголын бэлтгэн нийлүүлэгчдэд ямар босго хаалт тавьж болзошгүй вэ? Олон улсын стандартын үйлчилгээ үзүүлэхийг тэд давын өмнө шаардана. Үйлчилгээний чанар төдийгүй тухайн компанийн нягтлан бодох бүртгэл олон улсын стандартын дагуу хийгддэг байх нөхцөлийг хөрөнгө оруулагчид манай талд тавина. Frontier Investment and Development Partners компанийн Ерөнхий захирал Мандар Жаявант Монголын компаниудаас МCS нь олон улсын хөрөнгө оруулагчидтай амжилттай хамтран ажилладаг, нягтлан бодох бүртгэл зэрэг санхүүгийн үйл ажиллагаа нь дэлхийн стандартын дагуу хийгддэг" гэжээ. Олон улсын стандартын дагуу ажиллахын тулд тухайн компани цөөнгүй жил, урт удаан зам туулах хэрэгтэй болно хэмээн М. Жаявант нэмж тэмдэглэв. Тэгэхээр монголчууд бид дэлхийн хэмжээний төслийг нутаг орондоо хэрэгжүүлж байгаагийнхаа хэрээр өөрсдөө бизнесээ олон улсын стандартын дагуу эрхлэх ёстой шинэ цаг үе ирээд байна.

Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хамгийн их эмзэглэж буй асуудал нь бараа бүтээгдэхүүнээ татаж авах гарц. Асар том уурхай барьж байгуулахад хэрэгцээтэй барилгын материал болоод тоног төхөөрөмжийг зөвхөн Замын-Үүдээр чихэж оруулна гэвэл тэнд ямархуу хүндрэл үүсэхийг төсөөлөх аргагүй. Замын- Үүдэд 2007 онд нэг дор 200-400 чингэлэг бөөгнөрсөн тохиолдлыг хөрөнгө оруулагчид өнөөдөр ч жишээ татан ярьдаг. Энэ бүхэн бол томоохон орд газруудын ашиглалтын эргэн тойронд үүсэх олон асуудлын зах сэжүүр нь билээ. Гэрээнүүд үзэглэх нь нэг даваа агаад тэр давааны цаана дэд бүтэцгүй хоосон тал, бидний амьдралдаа тулгарч үзээгүй эрх зүйн шинэ зохицуулалтууд үгүйлэгдэж байна.

Монгол оронд хөрөнгө оруулалтын шинэ давлагаа үүсэх нь. Гэхдээ тэр давлагааг нэвтрүүлэх хилийн боомтоос авахуулаад төмөр замын шинэ шугамууд, санхүүгийн сүлжээ хэрэгцээтэй. Замын -Үүдийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, тэдгээр боомт хүрэх төмөр замын асуудлыг яаралтай шийдэх шаардлага эндээс урган гарч байна. Дэд бүтцийн ажлыг эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгохоор УИХ Концессийн тухай хуулийг энэ намрын чуулганаараа хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төр ба хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх боломж бүрдүүлнэ. Хувийн компаниуд хөрөнгө оруулалтаа хийн авто зам барих, улмаар тодорхой хугацааны дараа төрд хүлээлгэн өгөх, засвар арчилгааг нь төр хариуцах зэрэг харилцааг уг хуулиар зохицуулах юм. Түүнчлэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд байгуулах ажлууд бэлтгэгдэж байна. Эдгээрээс анхны хөрөнгө оруулалтаа нэгэнт хийсэн, олон улсын байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалт бол 260 км төмөр замын ажил. Ухаа худагаас Гашуун сухайт хилийн боомтыг холбосон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төмөр зам байгуулснаар говийн экологийг хамгаалах төдийгүй бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний томоохон гарц болж чадах юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк болоод Азийн хөгжлийн банк нь төмөр замын энэхүү шугамын ажилд хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа билээ.

Уул уурхайн орд газруудын ханган нийлүүлэлтийн сүлжээг даган орж ирэх санхүүгийн урсгалыг хэрхэн хүлээж авахаа Монголын төр, засаг мөн л зохицуулахаар бэлтгэж байна. Юуны өмнө арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийх маш том арга хэмжээ авах нь. Олон улсын аудит оруулж, улмаар жижгүүдийг томд нь нэгтгэх нүсэр ажил хийх бололтой. Банкуудыг ингэж цэгцэлсний" дараа дахин хөрөнгө оруулалт хийнэ, өөрөөр хэлбэл ариутгал орсон" газруудад олон улсын банк санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зузаатгал хийх аж. Улмаар итгэл найдвартай санхүүгийн зах зээлтэй болсон үед Монголын жижиг , дунд бизнесийнхэнд зээлийн боломж нээлттэй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Уурхайн ажилчдын идэх талхыг ямар Хятадын бэлтгэн нийлүүлэгч өглөө болгон явуулж байлтай биш, эндээ Монголд манай компаниуд үйлдвэрлэж таарна. Тэр бүх жижиг, дунд бизнесийг гадаадынхан зээлийн санхүүжилтээр дэмжих боломжийг үгүйсгэхгүй байна. Тэр бүү хэл Монголын төрийн мэдлийн Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан их хэмжээний санхүүжилт хийх бололцоотойгоо гадаадын компаниуд илэрхийлж байна.

Монголчууд бид шинэ орчин нөхцөлд амьдрах цаг айсуй. Хөрөнгө оруулалтын шинэ давлагаа гэж түүнийг нэрлэе. Гагцхүү тэр давлагаа нь өмнөх уламжлалт хөрөнгө оруулалтуудаас тэс өөр. Тактикийн, институцийн хөрөнгө оруулалтууд орж ирэх гэж байна. Тэдгээр нь монголчуудаас дэлхийн стандартын дагуу ажиллахыг шаардана гэсэн үг. Монголын хувийн хэвшлийнхэнд шинэ боломж нээгдэж байна.

No comments: