September 13, 2009

L. MUnkhbayasgalan "Burhan mini N.Enhbayariig orshoo"

Yer n ongorson heden jild bolood ongorson yavdliig bichchihsen baina. Unen l bol uye uye gargaj harj baihad heregtei niitlel bolson baih shig baina.


Бурхан минь, Н.Энхбаярыг өршөө
2009 оны 9 сарын 11

Байнга болж бүтэхгүй үйл хийж, буруу замд буцалтгүй орсон нэгнээ адлах биш харин түүний өмнөөс бурханаас өршөөл эрж залбирал үйлдэх нь хүний ёсонд байх нинжин сэтгэлийн дээд гэнэм. Тийм болохоор бурхан минь манай улсын Ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаярын өмнөөс өршөөл эрж залибръя.

Тэр жаахан шуналтай л даа. Сүхбаатарын талбайн урд Төрийн ордныг цавчих гэж байгаа юм шиг саран хэлбэртэй сүх шиг байшин түүнийх гэдэг. Бас хуучнаар Сүхбаатарын хэвлэх комбинатын нурж унасан байшин газартайгаа тэрний эхнэрийнх. Богд уулын Жаргалантын ам тэр чигээрээ Н.Энхбаярын аав ээжийнх. Хөгжим бүжгийн ажилчдад зориулж барьсан орон сууцны барилгын нэгдүгээр давхар хуугаараа дүү охиных нь. Энэ мэт манай улсын олон байшин барилга, газар экс Ерөнхийлөгчийнх юм шүү дээ. Тэр бас албан тушаалд дуртай. Уг нь “Хэрвээ чи албан тушаалын шатаар өгсөж яваа бол замдаа тааралдсан бүхэнтэй гар барьж бай. Учир нь буцаад буухдаа бүгдэнтэй нь дахиад тааралдана” гэсэн мэргэн үг байдаг. Гэвч Н.Энхбаяр үүний яг эсрэгээр нь хийдэг юм. Тэр албан тушаалын шатаар өгсөхдөө замд тааралдсан бүхнээ айлгаж ичээсэн байдаг. Өөрөө турхиран байж тэднээр төрийн албыг наймааны хэрэглүүр болгуулчихаад эцэст нь түүгээр нь дарамтладаг гэж байна. Тухайлбал, шүүх прокурорынхон Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөнөөс нь хойш ”Одоо шударга ажиллана аа” гэж ам өчгөө өгч байна. Түүний үед ямар ч шүүгч шударга ажиллах талаар ярьдаггүй, шүүхийг шинэчлэлийн тухай дурсдаггүй байв. Н.Энхбаярын эсрэг дуугарсан бүхэн албан тушаалаасаа огцорч бүр шоронд ч явдаг. М.Энхболд түүний далайсан газар нь далд ороогүйнхээ төлөө Ерөнхий сайд бөгөөд намын даргаасаа огцорч, У.Хүрэлсүх шоронд орохдоо тулж “Дахиж УИХ-ын гишүүн болохгүй” гэж ам өгч, Ч.Улаан шадар сайдаасаа огцорч хэтэвч болсон Х.Баатарыгаа хориулж байлаа. Ерөнхий сайдын карьер илхэн харагддаг байсан Ц.Мөнх-Оргилыг 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн буудах тушаалтай Онц байдлын комиссынхоо даргаар тавьж нэг мөсөн дарж авсан. Одоо Ц.Мөнх-Оргил , долдугаар сарын 1 хоёр хоршоо үг шиг болжээ. Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Сүрэнхороос татаас авах гэж дарамтлаад өнөөх нь айхдаа улс дамжсан оргодол болж зугтаасан. Айлгүй үлдсэн Т.Бадамжунай, У.Барсболд, У.Хүрэлсүх нар жил тойрон цагдаа шүүхийн хаалга сахиж шар махтайгаа хатсан юм даг. Экс Ерөнхийлөгч Н.Багабандийг элдвээр хавчсаар байгаад “Титэм үг” хэлдэг өвгөн болгож дөнгөсөн. Харин түүнд наалдаж хатных нь хормой хотыг засч, ээж аавыг нь тойглож яваа хүмүүс байнга өөдөлж сонгууль болгоноор тойрогтой, сурталчилгаа хийх мөнгөтэйгөө үлддэг.

Н.Энхбаярын энэ мэт болохгүй бүтэхгүй бүхнийг нь ард түмэн олж хараад аль хэдийнэ өршөөчихсөн юм. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний хийсэн хэргийнх нь төлөө шийтгэж хууль цаазаар далайлгалгүй зүгээр л түүнд саналаа өгөхөөс татгалзсан юм. Энэ бол түүнд үзүүлсэн уучлал байлаа. ОХУ-д төлөх ёстой Их өрийг чинь та нарын өмнөөс төлчихсөн шүү гэж худлаа ярьж байхад нь ч мэдээгүй л юм шиг суусан. Гэтэл өнөөх өрөө авах ёстой гүрний Ерөнхийлөгч нь давхиж ирээд “Өрөө гүйцэд төлөөгүй шүү” гэчихээд яваад өгч байгааг ч харсан. Ард түмэн дуугүй л байгаа. “За яахав, сонгуулиар түүнийг сонгоогүй. Зөв юм хийжээ” гэсэн шүү юм бодоод тайван байгаа хэрэг. Гэтэл өнөөх нь дахиад Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх юм гэнээ. Төрөөс тогтоож өгсөн цалин хангамж байр байшин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа бололтой. Шинэ байраа шилэн ордон болгоно гэнэ. Хааны дайтай амьдарч байгаа ч ханаж цадах болоогүй гэнэ. Айлгаж сүрдүүлсэн хүнийхээ тоог ахиад зөндөө ихэсгэнэ гэнээ. Хэмхэрхий тэвшээ голсоор хатан хаан болдог “Алтан загас”-ны үлгэрийн эмгэнээс илүү эрх мэдлийг хүснэ гэнэ. “Алтан загас өөрөө албат боол минь болог”гэдэг шиг ард түмэн бид боол нь байх учиртай гэнэ. Хүний хаан болсон ч хүсэл шунал нь хязгааргүй гэнэ. Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс ч Ерөнхийлөгч болно гэж зүтгээгүй юм шүү. Харин ч “Microsoft” дахь хэдэн сая доллараар тоологдох өөрийнхөө хөрөнгөнөөс татгалзаад хээв нэг орхиод явчихаж билээ. Эд баялаг эрх тушаалын шунал гэдэг арван хар нүглийн нэг гэдэг ч энэ хорвоо өөрөө баясгалангийн цэцэрлэг биш зовлонгийн мөн чанартай болохоор бурхан минь, Н.Энхбаярыг өршөө. Түүний буртаг суусан сэтгэлийг ариутгаж өгөөрэй. Үүний л төлөө наминчилан залбиръя.

No comments: