September 9, 2009

O. Ganzorig: Hyamral araatanlag heregleenees uudeltei

Minii bodloor manaidaa l ediin zasag sanhuugeeree urdaa barih tolgoinuudiin neg n bolovuu gej boddog Financial Markets Association buyu Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзориг iin yariltslag internet deer garsan baina.

Ene araatanlag heregtsee n huvi humuust horongojih setgelgeeg toruuldgeeree ashigtai hedii ch niigemdee yamar hortoi tuhai ih saihan ilerhiilsen baina.

Dahin dahin unshihad ch iluudehgui saihan yariltslaga bolson baina. Tiimees buren eheer n avaad niitelchihye gej shiidlee.

Tegeed odoogiinhoo ene bugshirsen hogiin niigmeesee garah arga bol
1. Huvi hun ooroo uhamsartai baij ooroo oorteigee, hondlongiinhoo humuust eyregeer nolooloh
2. Ingesneer niigmiin hyanaltiin system saijirch iluu neelttei, hyanaltiin togtoltsoo sain boloh yum.

Manai neg saihan zuir ug baidag shuu dee, Biye zasaad geree zas, geree zasaad toroo zas gej. Tovchhondoo ene ugiig l heleh gesen yum bolov uu. Tiimees hun bugd hicheetsgeegeed uyiinhendee. Daraagiinhaa uyiinhend "ulger" leh uchirtai yum l daa. Turk ulsiig baiguulagch aldart tsergiin janjin Ataturk bas negentee helsen baidag yum. Bi zaluuchuuddaa l naidaj baina gej. Ter 1920 iod onii niigmiin elituud n yag onoogiin manaih shig hogiin shunaltai, huvia bodson archaagui yumnuud baisan yum. Tiimdee ch erh choloo, tusgaar togtnoliinhoo tolo daitaj, ter uyiin zasgiin erhend baisan humuus n Europe ruu garch zugatatsgaasan baidag yum. Manaih eh oronch zaluuchuuda al demjmeer baigaa yum. Yamartai ch say hyamral gej yu bolood ongorson bolon manaihnii setgehuid yu bolj baigaa tuhai ih saihan oguulsen baina. ENJOY !!!


Иргэд эдийн засгийн хямрал аль шатандаа явж байгаа, хэзээ эцэс болохыг мэдэхийг хүсч байна. Гэтэл энэ талаар тоймтой мэдээлэл өгчих хүн манай төр засаг хийгээд, эдийн засагчид дотор алга мэт.

Гадна, дотны хэвлэлээр АНУ-аас эхтэй хямрал дуусч, эдийн засаг эргэн сэргэж байгаа гэх ч нөгөө талд хямрал улам даамжирч буй тухай мэдээллүүд хөвөрч байна. Энэ нь ч дэлхийд данстай томоохон корпорациудын дампуурлаар батлагдсаар.

Бид энэ удаагийн GoGo Cafe буландаа Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригийг урьж олон улсын болоод дотоодын эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудаас хэрхэн гарах талаар ярилцлаа. Сонирхолтой нь бидний яриа хямрал гэхээсээ “өвчлөл”-тэй илүү “зууралдсан” юм.

БИД АЛЬ Ч ТОХИОЛДОЛД БҮГД ХОЖИГДОХ ТОГЛООМООР ТОГЛОЖ БАЙНА

-Таны хувьд энэ хямралыг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж олон янзын тайлбар хийгдэж байна. Миний зүгээс энэ ярилцлагаар хүмүүст арай өөр зүйл, санааг өгөхийг зорилоо.

Ер нь бид хямралаас гарахгүй гэж хэлмээр байна. Учир нь хямрал яагаад болсон шалтгаанаа эхлээд оношлох ёстой. Жишээ татвал, уушгины хүнд үрэвсэлтэй хүн байсан гэж бодъё. Энэ хүн үрэвсэлтэй учир мэдээж ханиалгана. Ханиана гэдэг тэр хүнийг үрэвсэлтэй байгааг илэрхийлж буй шинж тэмдэг. Тэгэхээр ханиалга дарах эм уугаад зүгээр болж болно. Гэхдээ энэ нь үрэвслээ эмчилж чадахгүй. Хүнээр бол бид ийм байдалд орчихоод байна.

Удахгүй бид хямралаас гарсан гээд яахав ярих байх л даа. Гэхдээ үндсэн хямралаасаа гарч чадахгүй. Ханиалгыг л дараад өнгөрч байгаа хэрэг.

Одоо яагаад ханиасан шалтгааныг яръя. Энэ асуултын цаана “үрэвсэл байгаа болохоор” гэж хэлнэ. Тэр үрэвсэл нь дэлхийн суурь эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын тогтолцоо нь алдагдчихсан явдал юм.

Ардчилал гэдэг чөлөөт зах зээлийн тогтолцоог урамшуулдаг. Энэ тогтолцоогоор бид сүүлийн 20 жил, олон улсад 100, 200, 300 жил явж ирлээ. Ингээд бодоод үзэхээр энэхүү тогтолцоо өөрөө буруу болчихож байгаа юм. Яагаад буруу болсон бэ гэдгийг би баримтаар хэлье.

Хамгийн эхэнд хэлэх зүйл бол хэрэглээг дэмждэг явдал. Гэтэл хэрэглээ ухаалаг байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Ямар хэрэглээг ухаалаг гэж ойлгох вэ. Хүн болгон үнэтэй машин унаад, өмсөхгүй байж олон хувцас худалдан аваад, өчнөөн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хаяад л, өөртөө шаардлагагүй том байранд амьдраад л байгаа явдлыг чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм өөрөө урамшуулаад байдаг. Гэтэл энэ нь өөрөө араатанлаг хэрэглээ гэдэг ойлголтыг гаргаж ирж байна. Араатанлаг гэж юуг хэлээд байна вэ гэхээр ирээдүй хойчоо, хажуудаа сууж байгаа хүнээ бодохгүйгээр хэрэглэхийг хэлдэг.

Жишээ нь, завин дээр хязгаарлагдмал усны нөөцтэй хүмүүс явж байтал нэг нь бүгдийг нь уучихтай адил. Уучихсан ч гэсэн нөгөө хүн маань олон хоног тэсэхгүй ш дээ. Тэртээ тэргүй физиологиороо энэ хүн илүүдэл усаа биенээсээ гаргана. Өөрөөр хэлбэл тэр хүнд уусан ус үлдэхгүй гэсэн үг. Ингээд завин дээр явсан бусад нь ч, ус уусан хүн нь ч харангадаж үхнэ. Энэ бол “lose - lose game” буюу аль ч тохиолдолд бүгд хожигдох тоглоом. Бид ийм л байдалд орчихоод байна.

-Тэгэхээр дэлхийн эдийн засаг ийм болчихлоо. Үүнийг бид юунаас харж болох вэ?
-Газрын тос, зэс, алт, нүүрс, уран, цайр зэргийн үнэнээс харж болно.
Дээрээс нь хүнсний бүтээгдэхүүний хямралд дэлхий нэрвэгдсэн. Бид хэрвээ мартаагүй бол 2007 оны сүүлээр дэлхий “food crisis” буюу хүнсний бүтээгдэхүүний хямралд өртсөн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.

Будаа, гурилаа яах вэ гээд сандарч байтал ашгүй Казахстан, Хятадад сайхан хур, бороотой жил таарч маш их ургац аваад аварсан. Хэрвээ ийм зүйл болоогүй байсан бол одоогийн дэлхийн эдийн засгийн хямрал хоёр дахин илүү хүчтэй тусах байсан.

Гэтэл үүнийг нэг ч эдийн засагч ярихгүй л байгаа байхгүй юу. Азаар гарсан зүйлээ ш дээ. Тэгэхээр бид зөндөө олон жил “азаар” явлаа л даа.

МАНАЙХАН ИХ УХААНТАЙДАА ЗЭСИЙН ҮНИЙГ ӨСГӨӨГҮЙ

-Монголын хувьд?
-Монголын хувьд ч тэр. Монголын эдийн засаг “азаар” л явж байгаа гэж би томъёолдог. Үндэсний хөгжлийн цогц бодлого, эдийн засгийн суурь стратеги нь хаана явж байна? Байхгүй ш дээ, байхгүй. Тэрийг цаас байна гэдгээр “байна” гэж үздэггүй. Харин хүн болгон ойлгоод, яам, тамгын газар гээд төрд зүтгэж байгаа хэдэн зуун мянган хүн, бизнесийн салбарынхан бүгд нэгдсэн нэг алхмаар явж байж энэ Үндэсний хөгжлийн цогц бодлого, эдийн засгийн урт хугацааны стратеги болж байна гэж ойлгоно уу гэхээс хэн нэг эрдэмтэн эсвэл төр, засгийн түшмэл 100 хуудас цаас бэлтгээд Ерөнхий сайдын өрөө рүү шидсэнийг Үндэсний хөгжлийн цогц бодлого байлаа гэж ярих нь утгагүй л дээ.

Олон улсад страгтеги байна уу байна. Гэхдээ энэ стратеги сууриараа асуудалтай болжээ гэдгийг хэллээ. Хямрал гэж юуг хэлдэг вэ гэхээр эдийн засгийн доройтол ч биш, уналт ч биш. Ямар үеийг хямрал гэх вэ гэхээр систем нь буруу болсон үеийг хямрал гэж нэрлэдэг.

Дээр ярьсан хэрэглээнд суурилсан эдийн засаг болохгүй байгаа учраас систем буруу болсон гэж үзэж байна. Үүнээс дэлхийн бүх улс орон яаж гарах гэж байна вэ гэхээр хэрэглээгээ дахин дэмжих байдлаар. Засгаас их хэмжээний мөнгө өгөх гээд байна ш дээ. Иргэн бүртээ 500 долларын чек өгөөд дэлгүүрт очиж бараа худалдаж ав гээд байна. Хэрэглээнээс болсон хямралаа дахиад хэрэглээгээрээ давах гээд байна. Дараагийн шат юу вэ. Яг адилхан газрын тос, зэсийн үнэ өснө. Дахиад л хямрал болно, ойлгомжтой. Яагаад гэвэл бид суурь өвчнийг нь анагаагаагүй болохоор.

Монголын хувьд эдийн засгийн хөгжил бусад орноос таван үеийн хойно буюу, 100 жилээр хоцорч байгаа болов уу гэж боддог. Хаана бид ингэж хоцрогдож вэ гэхээр тархи сэтгэхүйдээ.

Бид хэдий өнөөдөр Америкт гарсан хамгийн сүүлийн үеийн шинэ загварын машин унаад явж байгаа ч яг тэнд байгаа бизнесмен шиг сэтгэж чадахгүй. Тэр хүний таван үеийн өмнөх хэд дэх өвөг эцгийнх ч юм өнөөдрийнх шиг машин унадаггүй байх үеийнх нь зүйлийг бид бодож эхэлж байна. Үүнийг хэн өөрчлөх вэ гэдэг дээр их олон хүнтэй ярилцаж үзлээ. Ердөө төр засаг л өөрчлөх ёстой. Өөр арга байхгүй. Энэ үүрэг хариуцлагыг угаасаа үүрч очсон хүмүүс юм чинь.

УИХ-ын гишүүнээр Монгол Улсыг хөгжүүлэхээр очдог гэж би бодохгүй байна. Яагаад гэхээр бүх иргэнд нэг сая төгрөг өгөөд ямар ч өөрчлөлт гарахгүй. Яг л бахь байдгаараа байж байна. Харин ч сөрөг үзэгдлүүд гарна. Эдийн засагчид бүгд хэлж байгаа. Хүмүүсийг залхуу болгоно гэж.

Тэгвэл тэд юу хийх ёстой вэ. Монголын ард түмний хүсэл, тэмүүлэл, зорилгыг өөрчлөх ёстой.

Одоогийн эдийн засгийн хямралаас бид зэсийн үнэ дахиад өсч байгаа учир үүнийг дагаад гарчихна л даа. Түүнээс биш манайхан их ухаантайдаа биш, төр зөв алхам хийсэндээ зэсийн үнэ нэмэгдээгүй ш дээ. Олон улсын зах дээр зэсийн үнэ өсч байгаа л зүйл.

ЭРЭЭНЭЭС АВЧИРСАН ДААШИНЗ, ПАРИСЫН ЗАГВАРЫН ДААШИНЗЫГ ХАРААД МАНАЙ ДУНДАЖ ИРГЭН ЯЛГАЖ МЭДЭХ ҮҮ

-Өнгөрсөн жил зэсийн үнэ рекорд дээд хэмжээндээ хүрч манайхан нэлээд баярхсан. Тухайн үед танай холбооноос зэсийн үнэ өндөр байгаа ч эргэж бууна. Тиймээс эрсдэлийг сааруулах арга хэмжээ авах тухай ярьж байсан. Үүнийг ойлгоогүй. Харин үнэ бууж болдог юм байна гэж мэдэрсэн хүмүүс одоо эрсдэлийг сааруулах арга хэмжээ авч байгаа нь бас л нэг их ажиглагдахгүй байх юм.
-Хамгийн харамсалтай нь тийм. Өөрөөр хэлбэл суурь сэтгэхүй огт өөрчлөгдөхгүй байгаа юм.
Би улстөр, эдийн засаг хоёрыг шууд холбож яримаар байна. Миний хувьд улстөрд огт хамааралгүй хүн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Тэгэхээр хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхийн тулд нийгмийг эхлээд ангилах хэрэгтэй. Ингээд харахаар төр засгийн, бизнесийн лидерүүд, ямар нэгэн босго даваад гараад ирчихсэн компанийн захирлууд хамгийн түрүүнд бичигдэнэ. Энэ хүмүүс эерэг өөрчлөлтийг хийж эхлэх хэрэгтэй. Ард түмнийг өөрчлөх тэр хүнд ачаа нуруун дээр нь очиж байгаа боловч түүнийг авахгүй байна.

Энд дахиад араатанлаг бизнес гэдэг ойлголт гарч ирнэ.

Эхлээд би бизнесийн салбарыг яръя. Орчин үеийн бизнесийн урсгал, чиглэл “ирээдүйн хэрэглэгчээ өнөөдөр бэлтгэх” гэдэг зорилготой явж байна. Манай бизнесменүүд үүнийг ойлгоддоггүй. “Урт хугацаанд тогтвортой байна аа” гээд магадгүй нэг сониноос уншчихаад ярьдаг. Жинхэнэ утгаараа энэ юу гэсэн үг вэ гэхээр худалдан авагчийг урт хугацаанд, тогтвортой худалдан авах чадвартай болгоход бэлтгэнэ гэсэн үг. Ингэхийн тулд өнөөдөр хэрэглэгчдэд чанартай, боломжийн үнэтэй үйлчилгээг өгөх ёстой. Дээрээс нь дахиад бид нарын огт өгнө гэж ярьдаггүй нэг зүйл юу вэ гэхээр үйлчлүүлэгчдэдээ боловсрол олгох ёстой. Харилцагчийг боловсруулна гэж хэлдэг. Харилцагчийг бүтээгдэхүүнийг таньж, мэддэг болгох ёстой.

Жишээ нь Эрээнээс авчирсан даашинз, Парисийн загварын даашинзыг хараад манай дундаж иргэн ялгаж мэдэх үү? Тэгэхээр бид хэрэглэгчээ боловсруулах хэрэгтэй байгаа биз.

Яагаад чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ гэдгийг ойлгуулах ёстой. Ингэж байж урт хугацаанд харилцагч, бизнесмен хоёрын дунд итгэлцэл бий болж худалдан авагч чинь илүү урт насална. Меламинтай сүү авчраад л зараад байвал худалдан авагч чинь хэдэн жил тэр сүүг уух вэ. Хортой бүтээгдэхүүн үйлдвэрлээд зараад л байвал худалдан авагч нар удахгүй хавдар болоод үхнэ ш дээ.

Дээрх зүйлийг л хийж чадахгүй байгаа хүн араатанлаг бизнесмен болно гэсэн үг.

За, улстөрч, төрийн албан хаагчийн тухайд ярьвал хамгийн түрүүнд төрийн үүрэг юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар ер нь нэг хойшоо суугаад бодох ёстой байхгүй юу. Би хэн юм бэ гэдгийгээ. Хоёр сая 800 мянгуулаа.

Яам, тамгын газрын мэргэжилтэнгүүд бүгдээрээ “би яагаад энд ирсэн юм бэ” гэдгээ бодох ёстой. Үүнийг бодохын тулд төр гээд нэг завь байгаад байна аа даа. Энэ завины зорилго, чиглэлийг ойлгох ёстой. Ингэхийн тулд төр гэдэг зүйл яагаад үүссэн юм бэ гэдгийг нэг удаа харчих хэрэгтэй юм. Интернэтээр ороод л харчих хэрэгтэй, минутын л ажил.

Энэ дээр юу бичсэн байдаг вэ гэхээр төр гэдэг ард иргэдийн сайн сайхан байдлыг хангах, хамгаалахын тулд л байгуулагдсан гэж байгаа. Анх зэрлэг омгууд байхдаа нэгнийгээ ахлагчаараа томилж байсан зорилго өнөөдрийг хүртэл яг ижилхэн. Хэрвээ үүнийг ойлгоогүй бол түүнийгээ бодох хэрэгтэй. Энэ зорилго ард түмний сайн, сайхан байдлыг хангах гэж байгаа ш дээ.

Хэзээ ард түмний сайн, сайхан байдал хангагддаг вэ гэхээр урт хугацаанд, сайн сайхан орчинд амьдрах үед.

-Ингээд ярихаар бид дэд бүтэц ярих хэрэгтэй боллоо?
-Тэгж байна. Улаанбаатар хотын замыг хар. Өглөө гэрээсээ гарахад л шороо шуураад нүүр, үс рүү шигээд л, машинаар явахаар донслоод л. Донсолсноосоо болоод миний сэтгэл тавгүйтэж, тогтворгүй болоод бие бие рүүгээ хаазлаад уурлаад эхэлж байгаа юм. Ингээд өглөө ажил дээрээ ороод ирэхдээ аль хэдийнэ би стресстээд хүрээд ирдэг. Энэ бол хамгийн эхний жишээ. Үргэлжлүүлбэл энэ утааны асуудал байна.

Утаа бол ердөө төрийн үүрэг! Үндсэн хууль дээр заачихсан гээд байгаа юм л даа. Монгол Улсын иргэн дуртай газраа амьдарна гээд. Гэтэл Ардчилал дээр тулгуурлаж гарсан энэ Үндсэн хуулийн чинь суурь хөрс нь юу гэхээр “Таны эрх миний эрхээр хязгаарлагдана” гэж байгаа. Энэ бол үндсэн зарчим. Тэгэхээр Үндсэн хуулийн заалт өөрөө буруу байна гэдгийг хэлээд байгаа биз.

Хотын хүн амын тал орчим хувь нь байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл шууд утгаараа бусдын уушгийг хордуулах утаа гардаггүй. Гэтэл Үндсэн хуулиар хаана ч амьдарч болно гээд дахиад нийслэлийн тал орчим иргэн утаа гаргаад амьдраад байна. Энэ хүмүүс өөрсдийнхөө болоод үр хүүхдүүдийнхээ, хотын бусад иргэний эрхэнд халдаад амьдраад байгаа биз. Тэгэхээр энэ юуг хэлээд байна вэ гэвэл бид ардчиллын суурь зарчмаа зөрччихсөн. Төр энийг л хийх ёстой. Ерөөсөө маш ойлгомжтой байгаа биз. Төр энэ утаа, шороог байхгүй болгож, замыг засах ёстой. Хийх ажил маш их байна. Үүнийг л ойлгохгүй байгаа юм шиг харагдаад байна. Яагаад ойлгохгүй байна гэж хэлж байна гэхээр утаа, шороо нь жил болгон нэмэгдээд байгаа биз. Бодитой баримт байна. Миний таньдаг бүх хүн харшилтай болчихлоо. Юунаас болж харшилтай болдог вэ. Энэ бохирдлоос болж байна.

Төр ажлаа хийхгүй, хийж чадахгүй байгааг л харуулж байгаа явдал.

-Бүгдийг төр лүү чихэх нь бас хэт туйлширсан зүйл байх?
-Би бүгд бодох ёстой гэж хэлсэн. Төрийн байгууллагат асуудал тавихаар яадаг вэ. “Тэр яам, энэ газар шийдэх ёстой” болчихдог. Энэ үгүй юм. Асуудлыг тухайн газрын манаачаас нь авахуулаад шийдэх ёстой.

Монгол хүний нэг шүүмжлүүштэй хандмаар зүйл байна. Наад захын сониноос харахаар л байж байдаг. “Монгол хүний оюуны чадавх ийм өндөр, мундаг гайхамшигтай” гээд. Үүнийг ойлгож байна л даа. Гэхдээ бид шүүмжлэх юм аа шүүмжлээд засах зүйлээ засдаг байх хэрэгтэй биз дээ. Хэрвээ бид ухаантай мундаг юм бол дэлхийн 200 гаруй оронд хүний хөгжлийн үзүүлэлт, эдийн засгийн индексээр яагаад үргэлж сүүлийн байранд ордог юм. Бид яагаад “Азийн цагаан дагина” нийслэлтэй улс байсан байж тухайн үед урцанд амьдардаг шалдан, нүцгэн хувцас ч өмсөхөө мэддэггүй байсан Африкийн орнуудтай адилхан үзүүлэлттэй гараад байна, одоо. Би арьс өнгөний үзэлтэн биш л дээ. Ер нь энэ бол факт ш дээ.

1960 онд Сингапур намаг балчгандаа живсэн аймшгийн газар байсан. Өнөөдөр юу болчихов оо. Биднээс 300 жилээр түрүүлээд хөгжчихсөн байна ш дээ.

Өөрчлөлтийг Монголын иргэн бүр өөрөөсөө эхэлж хийх ёстой. Би онцгойлон бизнес эрхлэгчид, төр засагт ажиллаж байгаа хүмүүс үлгэрлэн үзүүлэх ёстой гэж боддог. Ер нь өнөөдөр бидний ийм ядуу дорой амьдарч байгаа нь бидний бүгдийнх нь буруу.

Бүгдээрээ муу байгаад байхгүйн тулд бидэнд үлгэр хэрэгтэй.

Дээр дурьдсан хүмүүс үлгэр, жишээ үзүүлэх ёстой.
Дандаа эрээний хувцас өмсдөг хүнд парисын хувцсыг нэг, хоёр удаа өмсүүлж байж хувцас гэж юу байдгийг мэдрүүлнэ.

Арал дээр байсан хүн бурханы номлол ерөөсөө сонсоогүй баахан нүгэл үйлдэж үйлдэж нас барсан хойно бурханы шүүх дээр очоод яах вэ гэдэгтэй яг адилхан. Энэ хүнийг яах юм. Яах ч үгүй ш дээ. Яагаад гэвэл тэр юу ч мэдээгүй юм чинь.

Тэгэхээр энэ мэдрүүлэх ажлыг төрийн, компанийн зардлаар гадагшаа дотогшоо сургууль, соёлд явдаг, өөрийгөө элит гэж боддог хүмүүс хийх ёстой.

МАНАЙ БАНКНЫ САЛБАРТ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ХЯМРАЛ ШУУД УТГААРАА НӨЛӨӨЛӨХГҮЙ

-Таны хувьд банкны салбартай нэлээд ойр ажилладаг хүн. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард манай банкны хадгаламж 60 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гээд байгаа. Ер нь банкны салбар хэцүү байдалд орж байна гэж зарим хэвлэлээр бичиж байна. Таны хувьд яаж харж байгаа вэ?
-Ер нь манай нийт иргэд ашиг хонжоо хайх сэтгэлгээтэй юм байна гэдэг нь ажигдлаа. Монгол хүн түргэн сэтгэлгээтэй. Энэ нь сайн, болон муу талтай. Сайн тал нь шинэ зүйлийг хүлээж авахдаа хурдан, сэргэлэн. Энэ нь бас нүүдэлчин соёлтой ч холбоотой. Нөгөө талаас юу ажиглагдсан бэ гэхээр эдийн засаг хүндрэлд орохоор ард түмэн буурьтай суугаад байж байвал төр засаг бодлого явуулахад арай илүү үр дүнтэй, хэрэгжүүлэхэд хялбар болно. Тэгэхгүй манайхан арай илүү хуйлраад байна. Сая 60 тэрбумаар нэмэгдсэн гэдэг чинь өмнө нь гарсан мөнгө л буцаж орж ирж байгаа хэрэг. Түүнээс биш Монголчууд гэнэт баяжсан зүйл байхгүй.

Нэг хүн санаандгүй доллар, төгрөгийн ханш 2000 төгрөг болох нь ээ гээд хэлэнгүүт л гүйж очоод хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө долларын хадгаламж болгоод л. Ханшийн өсөлтийг манайхан өөрснөө хийдэг байхгүй юу. Хамгийн энгийн жишээ, 500 хүн нэг сая төгрөгийн хадгаламжаа доллар болгоно гээд хар зээх дээрээс доллар хамахаар чинь юу байх вэ дээ. Долларын ханш өснө шүү дээ.

Гэтэл зах зээл нь хөгжчихсөн орнуудад огт ийм зүйл болдоггүй. “Би ухамсартай, хариуцлагатай байх ёстой” гэж бодоод л хүлээцтэй сууж байдаг. Манайд бол эсрэгээрээ байна.

-Энэ нь хүмүүсийн буруу биш байх л даа. Ядуу байгааг харуулж байгаа хэрэг биш үү?
-Би буруу гэж хэлээгүй. Энд хоёр зүйл ажиглагдаж байгаа биз. Нэг нь дээр хэлсэн манайхан аливаад их ашиг хонжоо харж ханддаг. Хоёрдугаарт төр, засаг системдээ итгэхгүй байгаа юм байна гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Энэ хоёр хүчин зүйл хоёулаа байна.

Ер нь итгэл жаахан сул байгаа юм байна шүү гэдгийг төр засаг, банкууд ойлгох хэрэгтэй байх. Гэхдээ итгэл сул байна гээд үүнийг ашиглаж болохгүй.

Ингэх юм бол нөгөө араатанлаг шинж рүү орно. Яахав, доллар 2000 хүрнэ гэдэг цууг гаргасан нэг болоод нэлээд хэдэн хүн жаахан мөнгө хийсэн байх л даа. Тэр хүн үнэтэй машин авч унах байх. Гэхдээ л энэ хүн хагархай замаараа явахаараа явж, шороо шуурдагаараа шуурна. Хэчнээн үнэтэй машинтай байсан ч хүүхдүүд нь хортой утаагаараа амьсгалах нь хэвээрээ л байна. Яг нөгөө завины үлгэр шиг. Тухайн үедээ шунаглаад ганцаараа уугаад сайхан болсон ч эцсийн дүндээ бүгдээрээ үхнэ. Ийм л зүйл болоод байна.

-Манайхан долларын ханшийн савлагааг их олон янзаар бодож, хийдэг. Тухайлбал “Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор долларын ханш буугаад байна. Сонгуулийн дараа эргээд өснө” гэдэг ч юм уу. Нэг ийм төөрөгдөл хүмүүст байгаа юм шиг.
-Долларын ханшийг та бид буюу эрэлт, нийлүүлэлт хийж байгаа хүмүүс тогтоодог болохоос тэр шинээр сонгогдсон юм уу, хуучин улирсан Ерөнхийлөгч Монголбанк, арилжааны банкны бүх дилер лүү утас цохиод “одоо буулга, өсгө” гээд хэлэх ямар ч боломж байхгүй ш дээ.

Үүнийг ойлгохыг хүсэхгүй, цуу ярианд автаж байгаа хүмүүс өөрсдөө л алдагдал хүлээнэ.
Зүгээр л бод доо. Солонгост ажил хийж байгаа манай Монголчууд ажлаа сайн хийгээд доллар их явуулаад байвал долларын ханш бага зэрэг бууна. Уул уурхайн томоохон гэрээнүүд зурагдаад, хөрөнгө оруулалт орж ирвэл мөн долларын ханш бууна. Ийм тохиолдол ч бий. 2005, 2006 онд “Бороо гоулд” манайд хөрөнгө оруулалт хийсэн. Алт, зэсийн үнэ нэмэгдээд ирэхээр долларын ханш бага зэрэг буурч байсан. Энэ бол зүгээр л эдийн засаг. Ямар ч улстөртэй холбоогүй.

-Банкны салбарын хямралын талаар?
-Энэ талаар өөрийгөө эдийн засагч гэж нэрлэсэн хүмүүс Монголын банкны салбарт хямрал нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг таавар, оньсого мэт зүйлүүд их ярилаа.
Техник зүйл яръя л даа.

Олон улсын санхүүгийн хямрал бидэнд яаж нөлөөлж болох вэ гэвэл хоёр л зам бий. Нэгдүгээрт, бидний гадаадад оруулсан хөрөнгө оруулалт муудах. Энэ бол гадаадын компаниудын хувьцааг худалдаад авчихсан байсан чинь хямрал нөлөөлөөд олон улсын бирж дээр хувьцааных нь үнэ ханш унах явдал гэсэн үг. Ийм зүйл Монголд байсан уу. Байгаагүй ш дээ. Монголын банкны актив гадаадын хөрөнгийн зах дээр огт байршаагүй байсан.

Хоёрдугаарт, гадаадаас Монголд мөнгөө хийчихсэн байж байгаад буцаагаад хөрөнгөө татах эсрдэл байна. Гадаадаас манайд мөнгө байршуулсан тохиолдол байсан. Гэхдээ нийт активын 15-20 орчим хувь нь л гадаадаас татсан эх үүсвэрээс бүрдсэн байсан. Энэ бол хугацаатай гэрээ, хэлцэл учраас хугацааныхаа дагуу л гарч байгаа. Нууц биш. Нөгөө талаас гадаадаас хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгө олон улсын хөрөнгийн зах дээр маш бага хувь эзэлж байсан. Өөрөөр хэлбэл эдийн засагт хортой нөхцөл үзүүлхээргүй.

Шууд байдлаар олон улсын санхүүгийн хямрал манайд яаж нөлөөлөх вэ гэдгийг би ярилаа. Шууд бусаар нөлөөлөхийг ярьж бас болно. Жишээ нь, манайх руу орж ирэх гэж байсан их хэмжээний мөнгө больдог ч юм уу. Ийм зүйлүүд бол байгаа.

Гэхдээ энэ нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага.

БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГААД АРААТАНГУУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ

-Манай банкууд “энэ хямралтай шууд холбоотой. Тухайлбал Анод банк томоохон зээлдэгч нар нь барилга, замд хөрөнгө оруулсан. Гэтэл энэ салбарууд олон улсын хямралд өртөөд зээлийг эргэн төлөлтгүй болгосон” гээд байгаа.
-Барилгын салбарын тухай ярихад тус салбарын хямрал бүр эртнээс эхэлсэн. Яг хаанаас эхэлсэн бэ гэдгийг хэлэхэд бас хэцүү. Тоймтой зүйлээс нь яръя гэвэл моргэйжийн зээлийг бид мэднэ. Бага, дунд орлоготой, мөнгө цуглуулж чадаагүй иргэдэд орон сууцтай болох боломжийг олгодог. Байр худалдаж авахын тулд банкнаас зээл авна. Урт болон дунд хугацааны, бага хүүтэй зээлийг банкууд гаргана гэсэн үг. Ингээд иргэдийн эрэлт нэмэгдэнэ. Тэгэхээр зах зээлийн хуулиараа эрэлт их байгаа учир үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Ийм үзэгдэл ерөнхийдөө явсан.

Эрэлт өсч байгааг бизнес эрхлэгчид соргогоор анзаарч барилга огцом баригдаж эхэлсэн. 2005 оноос тэсрэлт болсон гэж хэлж болно. Ингээд тэсрэлт гарсан чинь Монголд нөгөө барилгын материалийг үйлдвэрлэдэггүй болж таарсан. Ихэнх нь буюу 70-80 орчим хувь нь хятадаас зөөдөг байсан. Маш том асуудал үүсч байгаа биз. Ингээд Хятадаас авахаар болтол манай төмөр замын хүчин чадал дийлээгүй. Тэгээд Эрээнээс Улаанбаатар руу орж ирж байгаа барилгын материал хоёр дахин үнэтэй болж эхэлсэн. Төсөөлж байна уу. Бид глобальчлалын эрин үед амьдарч байгаа. Дэлхий даяараа үнэ нэгдсэн байдлаар их ойролцоо болж ирж байгаа ш дээ. Тээврийн систем маш сайн хөгжсөн. Гэтэл Монголд байдал ямар байна вэ.

Үүнээс буруутан нь хэн бэ гэдгийг олох хэцүү байгаа биз. Бүгдээрээ буруутай болно.
Яагаад орон сууцны эрэлт их байгааг, нэмэгдэхийг мэдээгүй юм бэ. Мэдсэн бол яагаад тээврийн хүчин чадлаа сайжруулаагүй юм бэ.

Яагаад өнөөдөр 2009 онд одоо л нэг вагон авна гээд яриад явж байгаа юм. Энэ юуг харуулж байна вэ. Төлөвлөлт, стратеги байхгүйг л дахиад харуулж буй хэрэг. Энэ улс орон, эдийн засагт юу болж байгаа талаар ямар ч ойлголт байхгүй, төр засагт.

Ердөө байрны үнийн зохиомол шок үүссэн. Метр квадрат нь 350 ам.доллар орчим байсан байр шууд 600, 700 болж нугарсан. Дээрээс нь газрын наймаа гэдэг зүйл хүчээ авснаас болж орон сууцны метр квадратад эзлэх газрын өртөг нэмэгдсэн. Ингээд зогсоогүй. Энэ бизнес араатанлаг болж эхэлсэн, 2008 онд. Тээврийн шок чинь 2007 онд гарсан.

2008 онд юу болсон бэ гэхээр барилгын компаниуд баригдаад дуучихсан барилгуудаа “дараад хэвтчихсэн”. Үнийг нь өсгөх гээд. Үнэ өсөхөөр зарах гээд ч юм уу. Байрны үнэ сар болгон нэмэгдээд байдаг. Гэтэл сар болгон зарагдаагүй байрны тоо нэмэгдээд байсан. Ерөөсөө ийм явдал болсон. Зохиомлоор зарагдаад дууссан гэж байрны үнийг өсгөсөн. Гэтэл зах зээл гэдэг өөрөө механизмтай. Жишээ нь, нэг шил кока колаг 150 төгрөгөөр чамд зарвал чи авч ууна. 200 төгрөгөөр зарсан ч чи авч ууна. 300 төгрөгөөр зарвал чи “өөх” гэж нэг бодоод аваад л ууна. Харин би чамд 150 төгрөгний үнэтэй шилтэй колаг 500 төгрөгөөр зарвал чи авч уухгүй. Яагаад гэвэл тэр 500 төгрөг хүрэх үнэ цэнийг чамд өгөхгүй. Тэрний оронд чи крантнаас ус гоожуулаад буцалгаад хөргөөд уучихсан нь дээр. Зардал нь 30 төгрөг л болно.

Энэ бол эдийн засгийн ямар ч номны хамгийн эхэнд байж байдаг зүйл. Гэтэл манайд метр квадрат нь 400 ам.доллараар зарагдах маш чанар муутай барилгыг 700, 800 доллараар зарна гэдэг. Үүнээс үүдээд хэрэглэгч нар эргэлзэж эхэлсэн. Ингээд баригдаад дуусчихсан барилга зургаа, долоон сар зарагдахгүй байгаад байдаг. Энэ хооронд ямар эмгэнэлтэй зүйл болсон бэ гэхээр Монголчуудын огт ойлгодоггүй алдагдсан боломжийн өртөг гэдэг зүйл болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, зарагдахгүй байгаа бүтээгдэхүүний зардал. Тэрийг хадгалах, харж хамгаалах, хийхийн тулд авсан зээлийн хүү явж байгаа. Үүнийг “алдагдсан боломжийн өртөг” гэж нэрлэдэг.

Барилгын компаниудын 40-50 хувь нь банкны зээлтэй. Ингээд зээлийн хүү зургаан сар сайхан яваад өгч байгаа байхгүй юу. Одоо өртөг нь 400-500 ам.доллар байсан байрны зарагдаагүй хугацааны зээлийн хүүг тооцоод үзэхээр 600 ам.доллар гараад явчихна. Тэгэхээр барилгын компаниуд одоо үнээ унагааж чадах уу. Чадахгүй ш дээ. Өөрсдийнх нь араатанлаг зан авираас болсон.

Ингээд өөрсдийнх нь ийм хөгийн зан авир дээрээс яам тамгын газрынх нь төлөвлөлтгүй ажиллагаа, Ерөнхий сайд ажлаа хийж мэддэггүйн гайгаас барилгын сектор нурж байгаа юм. Эцэстээ энэ үйл явдал нь банкийг хөлдөө чирнэ. Банк хэцүү байдалд орвол тэнд эцсийн дүндээ ард түмэн л хэцүүднэ гэсэн үг. Яагаад ард түмэн хохирох вэ гэхээр тухайн банкны хадгаламж эзэмшигч нар мөнгөө алдана. Энэ хохирлыг төр хариуцчихлаа гээд байгаа. Гэтэл хохирсон хадгаламж эзэмшигч нарт төр мөнгө гаргаад өгч байгаа ч эцсийн дүндээ бид нарын л татварын мөнгийг өгнө гэсэн үг.

Уг нь бид нарын өгсөн мөнгө зам нь гоё болоход зориулагдах ёстой байтал хэн нэгэн араатанлаг этгээдээс болоод өөр тийшээ яваад өгч байна.

-Иймэрхүү бэлэн жишээ манайд байна л даа. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын мөнгийг төр барагдуулсан. Дээрээс нь шатсан “Бөмбөгөр” худалдааны төвийн хохирогчид бас төрөөс мөнгөө нэхэж байсан.
-Хадгаламж зээлийн хоршоо бол хэрэглэгчдийн өөрсдийнх нь араатанлаг хэрэглээний буруугаас болсон.
Хүн өөрөө мөнгөө аваачиж хийсэн. Монголд тэгэхээр араатанлаг хэрэглээ, араатанлаг бизнес хоёр хоёулаа явж байгаа.

“Бөмбөгөр” дээр ч гэсэн. Орчин үед чинь даатгал гэдэг зүйлийг хийж болох л байсан ш дээ. Нэг лангуунд сарын 2000 төгрөг төлөөд явж болох л байсан. Монголын тэргүүлэх групп компани “Алтжин” гээд л ярьдаг байсан. Одоо тэгээд нэг их сонсогдохоо байчихлаа шүү дээ.

-Таны хэлж байгаагаар байрны үнэ одоо буухгүй гэсэн үг үү?
-Бууна, бууна ш дээ.

-Алдагдал хүлээгээд үү?
-Алдагдал хүлээнэ. Хэн алдагдал хүлээх вэ. Нөгөө араатнууд л алдагдал хүлээх ёстой. Харин би юу гэж зөвлөх вэ гэвэл алдагдлаа хурдан хүлээ. Ингээд байгаад байх юм бол байдал улам л хэцүүднэ.

Банкны зээлийн хүү өдөр өдрөөр нэмэгдээд өртөг нэмэгдээд л байгаа. Хамгийн тод жишээ, машины ченжүүд байна. Их дэлгүүрийн урд талбайгаас эхлээд машин зардаг газрууд байдаг даа. Тэнд зарагдаагүй нэг жил болсон машин зөндөө байгаа. Бод л доо, бүтэн жил зарагдаагүй машин тэнд байна. Би явж шалгадаг байхгүй юу. Зарагдаагүй бүтэн жил болж байгаа мөртлөө хамгийн харамсалтай нь үнэ нь яг хэвээрээ байж байдаг. Нэг машин дунджаар 50 сая төгрөгний үнэтэй гэж бодъё.

50 сая төгрөгөөр машинаа жилийн өмнө 10 сая төгрөгөөр хямдруулаад 40 саяар заржээ. Энэ мөнгөө банкны хадагламжинд хийгээд 20 орчим хувиар өснө гэж бодохоор 50 сая төгрөгт бараг хүрнэ. Энд эрхэм ченж юу хожих вэ гэхээр бөөрөө, ходоодоо, үнэтэй цаг хугацаагаа аварч байгаа. Гэтэл үнээ буулгахгүй “дараад хэвтээд” байдаг. Сонирхолтой байгаа биз. Үүнийг ойлгохгүй байна, аймшигтай.

ЕРӨНХИЙ САЙДААС АВАХУУЛААД БҮГДЭЭРЭЭ ГЭРИЙН ДААЛГАВРАА САЙН ХИЙВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ЭНЭ ОНЫ СҮҮЛЭЭР СЭРГЭЖ ЭХЭЛНЭ

-Таны хэлж байгаагаар байр, бүтээгдэхүүний үнэ буулаа. Тэгсэн ч иргэдэд үүнийг худалдаад авчих бэлэн мөнгө алга. Тиймээс банкны зээл хэрэгтэй болно. Банкууд хэзээ зээлээ олгож эхлэх вэ.
-Зэсийн үнэ нэмэгдэж байна. Тэгэхээр орлого гайгүй орж ирнэ. Энэ үед эдийн засаг тэгэхээр өөрийн механизмаараа бүхнийг тогтворжуулна байх. Хамгийн гол нь алдаагаа дахин давтаж болохгүй.

500 доллараар барьсан байраа 650-аар зарчих хэрэгтэй. Дахиад чанартай барилга бариад боломжийн үнээр зарвал иргэд авна ш дээ.

-Дотоодын эдийн засаг ойрын хугацаанд сэргэж чадах уу?
-Эдийн засгийн тогтворгүй уур амьсгал манайд байж л байна байх. Яагаад гэхээр төрд страгтеги байхгүй учраас. Түр зуур асуудлаас гаръя гэвэл энэ оны төгсгөл, ирэх оны эхээр байдал гайгүй болох байх. Гэхдээ ингэхийн тулд хаа хаанаа гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Ерөнхий сайдаас авахуулаад яам, тамгын газрын доод албан тушаалтнууд хүртэл, компанийн захирлаас эхлээд ажилчид бүгдээрээ хичээх хэрэгтэй.

-Интернэт мэдээллийн хэрэгслийн давуу тал нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа хандан үг хэлэх боломжтой байдаг. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?
-Нэг зүйл байна. Гадны оронд ажил хийнэ гэж юуг хэлдэг вэ. Тэнд ажлыг хүн яаж хийдэг вэ гэдгийг Монголд байгаа ар гэрийнхэн, ойр тойрны хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй. Мөнгө ямар үнэ цэнээр олддог гэдгийг ойлгуулах ёстой.

Хүмүүс хоорондоо хэрхэн зөв харилцдаг, үүргээ яаж ухамсарлаж амьдардаг вэ гэдгийг хэлж, зааж өгөх үүрэгтэй.

Байгууллагад нэг л ажилтан нь үүргээ биелүүлэхгүй бол тухайн газрын үйл ажиллагаа хэрхэн доголддог вэ гэдгийг манайхан мэддэггүй. Энэ бүгдийг наашаа утсаар ярихдаа хэлж өгч байх хэрэгтэй.

Тэгвэл энд байгаа хүмүүс жаахан юм сурах гээд байна ш дээ. Тэгэхгүй бол манай төр засгаас иргэдэд үлгэр үзүүлээд дагуулаад явах хүн алга. Ер нь манай төр өөрөө иргэдэд бүх мөнгийг нь өгдөг, ард түмнийг жаахан тэнэгдүүхэн байлгах гээд байгаа юм шиг харагдаад байна.

Бүх мөнгийг нь өгөөд эхлэхээр төр бол хаан шиг эрх мэдэлтэй болно гэсэн үг. Зимбабве шиг. Бид Зимбабвегийн яг араас нь явж байна.

Үнэтэй машинтай, гоё оффистой, зайсанд амьдардаг хүн болсон ч тэр хүн адилхан л эвдэрхий замаар явна, шороотой гудамж хэвээрээ байна. Ийм баймааргүй байна ш дээ.

Бүгдээрээ хүчирхэг гоё амьдрах хэрэгтэй. Цөөхөн хэдэн баячууд нь байшин хооронд нисдэг тэргээр нисэх юм уу. Эцсийн дүнд ийм л болох гээд байгаа юм биш үү. Завины үлгэрийг дахин саная.

Ярилцсан Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/

No comments: