November 24, 2009

Мөнгө тойроод аар шаархан

Ойрдоо дандаа л энд тэндхийн мэдээ энэ тэрхэн авч бичиж байснаас толгойгоо ажиллууллаагүй, өөрөөр хэлбэл өөрөө бодож сэтгэлгүй удсан байна. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хирнээ мөнгө гэж чухам юу болох яагаад чухал зэргийн ач холбогдлыг одоо хирнээ гүйцэд ойлгож ухаараагүйюм шиг байгаа юм. Бодоод л байгаа хирнээ, судлаад л байгаа хирнээ л нэг л биш. Тэгээд энэ талаараа жаахан эргэцүүлж бодлоо. Дээр 1 ийм дуу хит болоод байсан л даа.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гол нь би залуу байна
Хайрлаж бас дуралмаар байна
Амьдрал өөрөө саак юм дөө гэдэг ч билүү юу ч гэдэг билээ дээ. Дэлхийн ихэнхи орнуудад тийм утга агуулгатай дуу лав ховорхон байх болов уу. Ихэнх улсад бол утгыг нь ойлгосон бол коммунист дуу байна гээд гадуурхагдах байсан биз.
Манайд яагаад хит болсныг нь мэдэхгүй ч уран бүтээл талаасаа, хөгжмийн найруулга талаасаа сайн бүтээл болсон тул үгийг нь онцын их анзаараагүй байх гэж найдъя.
Ямартаа ч “Монголын залуусыг” залуу бас эрх чөлөөтэй “байлгаж” байгаа нь сайн хэрэг, коммунист эсвэл фашист нийгэмд байвал ямар олиг байх вэ. Хайрлаж дурлалгүй л яахав залуу насны салшгүй хэсэг нь юм. Амьдрал ч сайхан ч бай саар ч бай амьдрахгүй гээд ч бас яахав. Саак гэх мэт үгээр амьдралыг өнгөтэй талаас нь харж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мөнгөгүй байна гэдэг нь надад таалагдахгүй байгаа юм. Ер нь халаасандаа ч тэр, банкандаа ч тэр, хувьцаа эзэмшээд ч тэр мөнгөтэй байх нь дээр л дээ.
Залуу насанд мөнгөтэй хүн тийм ч элбэггүй байдаг байх л даа, ялангуяа манай улсад. Ямартаа л оюутнуудын онигоо гэж хичнээн юм байдаг билээ дээ. Гэхдээ ядаж мөнгөтэй байх эрмэлзэлтэй л байлгамаар байгаа юм даа. Эрмэлзэл гэдэгт мөнгөө зарах ухааныг бас давхар илэрхийлж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар мөнгө олж (ажиллаж, аав ээжээсээ авч ...) байгаа бол энэ дуун дээр гардаг шиг шоудаад ч юмуу халаасандаа мөнгөгүй болтол үрчихмээргүй л байгаа юм. “Баруунд” 15,16-тайгаас нь эхлээд биеийг нь даалгуулаад ажил хийлгүүлээд, санхүүгий нь өөрөөр нь бариулаад сургачихдаг. Тэд нар нь 20 гарсан л бол одоо ээж ааваас юм харалтгүй гэдгээ ухаараад өөрсдөө аргаа олох гээд зүтгэдэг. Тайваньд ч гэсэн оюутнууд нь өөрсдөө хадгаламжтай тэрнийгээ зарцуулж байдаг юм байна. “Энэ 3 сар шоудахгүй, юм нэмж авахгүй. Ирэх улирал солилцоогоор гадагшаа явна. Дүнгээ сайжруулж аав ээжээс коко үнэлгээ авна.” гэх мэт. Санхүүгийн боломж, боловсрол, ажлын байр зэрэг нь ч бас манайхыг бодох нь арай хөгжчихсөн л дөө. Гэхдээ л сэтгэхүй нь ингэж өөрчлөгдөж байж мөнгөтэй болох, түүнийгээ хадгалах, үржүүлэх, зарцуулах тухай бодож эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хэдийгээр энэ луйварддаг иддэг энэ тэр гэх хүмүүсийг “үзэн ядаад” байгаа ч эд нарын мөнгөтэй болох хүсэл эрмэлзлийг нь бол буруутгахгүй шүү. Хөрөнгөтэй болох бодолгүйгээр санхүүг ойлгодог болох эсвэл мөнгө удирдах чадвар суухгүй байлгүй. Тэгээд ч эхний хэд нь ичихгүй иднэ , дараагийн үе нь жигшинэ /байг гэхэд хүн амьтнаас нууж хааж иддэг болно/, түүнтэй зэрэгцээд нийгэм дэхь хяналтын тогтолцоо, хууль зүйн орчин нь бас боловсронгуй болно. Энэ мэтээр л хөгждөг байхдаа. Монголчууд маань нэгийг бодолцоосой ...

Мөнгө хир чухал вэ?

Манай нэг багш хэлэхдээ хүн аз жаргалтай амьдрахад дөрвөн зүйл хэрэгтэй гэнэ. Мөнгө, эрүүл мэнд, цаг хугацаа, тэгээд эд нарыг хооронд нь уялдуулах ухаан. Ер нь анхдагч бол ухаан л байх л даа. Учир нь ухаан байхад, тэгээд учиргүй гэв гэнэт өвчин зовлон ороод ирэхгүй л бол, яг амьдарч эхлэх цаг нь эхлэх үесдээ үхчихгүй л бол ухаантай (энэ дунд тэгээд зальтай, овсгоотой, луйварчин, азтай, гүйлгээ ухаантай гэх мэт хэд хэдэн зүйл орох л байх л даа. Учир нь манай анхдагч бизнессменууд болон одоогийн зарим баячууд маань ингэж иймэрхүү арга замаар хөлжсөн, хөлжиж байгаа биздээ) хүмүүс яаж ийж байгаад л босоод ирдэг. Мөнгөтэй байхад эрүүл мэндийн тодорхой хэсгийг бас аргалчихна. Сайн хоол хүнс идээд хэрэглэчихнэ, аргагүйтлээ гэхэд өөр газрын ядуу “амьтны” эрхтнийг худалдаад авчихна (энд тэндхийн баячууд ингэж хүний эрхтнийг авдаг нь тийм ч нууц биш, тэгээд ч эрэлт байна, нийлүүлэлт нь ч байна, ийм төрлийн бизнессийг хуульчлаад өгчихсөн улсууд ч байдаг байлгүй бодвол)
Айл гэр, хайр дурлал, мэдлэг боловсрол, үр хүүхэд гээд л манай ангийнхан тэрүүхэндээ л маргалдлаа. Үнэн л дээ эд нар байх л хэрэгтэй. Мөнгө бүгдийг нь авч чадахгүй ч байж магад, гэхдээ мөнгөгүй бол эднийг ч бас авахад амаргүй, бараг арга ч үгүй гэхэд болно. Энгийн жишээ, мөнгөгүй бол үгүйдээ л ач, зээ нар чинь эргэж тойрох нь бага. Мөнгөтэй бол ядаж л бэлэг горидоод ирэх юм л даа. Инээдтэй сонсогдож байгаа ч энэ үнэн. Хэрвээ хүүхэд хүртэл зөнгөөрөө мөнгө мэдрээд байгаа юм бол нас биенд хүрчихсэн хүнд мөнгө бол бүр л чухал байнаа даа. Чи/та мөнгөгүй, найз охин чинь царайлаг бас боловсролтой, тэгээд түүний найз нар жаахан сэхүүн. Тэр сэхүүн найз нарых нь цаана мөнгөтэй бас магадгүй боловсролтой харчууд, харц чулуудаад л. Нэг л ирээдүйгүй сонсогдоод байгаа биз дээ. Бүүр суучихсан байсан ч ялгаагүй шүү дээ. Хошин шог байдаг биздээ. Амбийгийн эхнэр: Тэр Бооёог хар, эхнэрийг нь хар, архи уудаг ч гэсэн эхнэртээ даашинз аваад өгчихсөн байна. Гэтэл чи өөрийгөө хар, намайг хар, 10 жилийн өмнө авч өгсөн малгай чинь ... гээд талийдаг биз дээ. Нэг л өдөр өөр хүн дагаад алга болохыг үгүйсгэхгүй. Ялангуяа манай улс шиг эмэгтэйчүүд нь “эрхийнхээ төлөө тэмцээд” эрчүүдтэйгээ ана мана үзэлцдэг улсад.
Аз жаргалтай амьдрахын тулд, тэр амьдралаа баталгаажуулахын тулд, нийгэмд үнэлэгдэх байр суурьтай байхын тулд
Эндээс гаргаж байгаа миний гаргалгаа,
1. Чадахынхаа хирээр ЭРҮҮЛ байцгаая,
2. ЦАГАА ЗӨВ зарцуулцгаая.
3. МӨНГӨТЭЙ болцгооё
4. УХААНТАЙ амьдарцгаая.

No comments: