November 28, 2009

Яагаад биотехнологийн үйлдвэрлэл гэж?

Adimmune компаний захирал Chi Steve Chan хэмээх нэгэн эрхмийн лекцнээс ойлгож авснаа сийрүүлэх гэж оролдлоо. Биотехнологичдод болон хөгжлийн бодлого судлаач хэрэгжүүлэгчдэд арай нялзтай байх юм болов уу гэж горьдох юм, гэхдээ бусад хүмүүст ч гэсэн сонирхолтой байна байх гэж найднам.
Тайваний засгийн газраас одоогоос есөн жилийн өмнө (баталгаагүй) тэргүүлэх зургаан чиглэл гэдэгт биотехнологийн салбарыг оруулан хөрөнгө хаяж эхэлжээ. Эхний хэдэн жилд 100 гаруй тэрбум Тайвань доллараас их хэмжээний хөрөнгө хаясан боловч бүтээгдэхүүн эдийн засгийн хувьд олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг талаас хөрөнгө хаяад л байдаг нөгөө талаас ач холбогдол нь тодорхойгүй эсвэл үнэхээр бүтээлч, үр дүн гарах магадлалтай хүмүүстээ очихгүй байснаас үүдэлтэй юм гэнэ.(Гэхдээ миний ойлголтоор бол энэ зуур дэд бүтэц нь сайжирсан нь тодорхой, science park бараадсан биотехнологийн лабаратори, хүний нөөц нь боловсорч байсан байж таараа) Тодорхой хугацааны дараа технологийн их сургуулиудын болон бусад төсөл, судалгаагаа хийгээд эхэлчихсэн, тодорхой шатанд оччихсон эрдэмтэд аж ахуйн нэгжийг санхүүжүүлж эхэлснээр үр дүн нь өөрчлөгдөж эхэлжээ. Хэрвээ есөн жилийн дотор л Тайваний энэ салбарын хөгжил, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд өндөр түвшинд хүрснийг бодоход манайх бас одооноос бодож эхлэхэд илүүдэхгүй юм болов уу, хэдий их хөрөнгө шаардлагатай ч. Ялангуяа, хүн болгонд ганц уул уурхайгаар бүтэхгүй, боловсруулах үйлдвэр гэж байгаа өнөө үед. Тэгээд ч дэлхий нийт технологийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч ярьж судалж, хөрөнгө оруулж байгаа өнөө үед энэ тухай бодохоос өөр аргагүй гэж би хувьдаа бодож байна.
Adimmune гэх компани нь анх энгийн ханиадны эмийн үйлдвэрлэлээр эхэлсэн бөгөөд Тайвань болон Японы хэсэгхэн зах зээлд зориулж ханиадны вакцины үйлдвэрлэл явуулдаг болжээ. Ингээд явж байтал дэлхийд SARS гэгч айхтар юм гараад иржээ. Энд тэнд хэд хэдэн хүн чад хийгээд тахлын аюултай гэдэг нь мэдэгдээд энгийн эрүүл мэндийн тохиолдлын асуудлаас халиад улсуудын аюулгүй байдлыг хөндөөд эхэлмэгц Тайвань ч бусад хөгжилтэй улсуудаас вакцин худалдаж авах санал тавьж. Мэдээж хэрэг үйлдвэрлэл хангалтгүй, дотоодын зах зээлээ вакцинжуулаагүй тэр үед бусад улсууд юун Тайванийг бодох манатай байсан биз. Жаахан боломжгүй талдаа хариулт өгч. Засгийн газар нь энэ үед харин өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй юм гэдэг дээр санал нэгдэж жижигхэн ч гэсэн энэ компанийг дэмжих санал гаргаад, санхүүжүүлж өгчээ. Нэгэнт их мөнгө хариуцуулж өгсөн тул чадалтай удирдлага авчирч одоо энэ лекц уншиж байгаа эрүүл мэндийн яамны сайд асан, эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай, олонд танигдсан Chi Steve Chan гэх энэ хүнийг захирлаар нь томилжээ. Тухайн үед иргэд нийт, хэвлэл мэдээлэл зэргээр энэ компанийг басамжилсан ёжилсон уур амьсгал их байсан хэдий ч SARS–ын эсрэг чанартай сайн вакцин үйлдвэрлээд амыг нь тагласан байна. Өнөөдөр бол H1N1-ий вакцин дээр ажиллаж байгаа юм байна. Янз нь үйлдвэрлэчихсэн гэхдээ дотоодын хэрэгцээг хангаж арай дуусаагүй байгаа юм шиг байна.
Мань хүн хэлэхдээ Тайваний биотехнологийн эриний алтан үе нь бол 10 жилийн өмнө байсан. Одоо бол тиймгүй ч (Тайвань баян байсан, хамгийн шилдэг хүн нь байсан, хамгийн гол нь өрсөлдөгчгүй байсан, Хятад, Сингапур бэлэн байгаагүй, Япон бол өрсөлдөгч байх боломжтой хэдий ч боломжоо Тайвань шиг сайн ашиглаж чадаагүй. Одоо бол Хятад, Сингапур, Япон энэ салбарын ач холбогдлыг ойлгоод эхэллээ. Хөрөнгө оруулагчдад 10 жилийн өмнө Тайвань энэ салбартаа цорын ганц шахуу хөрөнгө оруулалт татахуйц улс байсан бол өнөөдөр ийм байдал өөрчдөгдсөн) бидэнд хүний нөөц болон технологи байна. Тиймээс бид одоо ч гэсэн хүчтэй энэ байдлаа хадгалсаар байх болно хэмээн лекцээ дуусгалаа.
Үүнтэй холбогдуулаад өөрийн биеээр мэдэрсэн нэгэн зүйлээр жишээ аван тайлбарлах гэж оролдлоо. Манай нэг найз аавдаа Bristol-Myers Squibb-д үйлдвэрлэгдсэн нэгэн зүрхний эм аваад өгөөч гэж надаас асуусан юм. Учир нь АНУ-д үнэтэй байна гээд. Би аваад явуулсныхаа дараа Тайваньд дотоодод нь үйлдвэрлэсэн ийм төрлийн эм байгааг олж мэдсэн юм, бүр хямд. Үнийн хувьд гэвэл сар хэрэглэх багц эмийг АНУ-д 180 ам доллараар, яг ижил эмийг Тайваньд 50 ам доллараар, ижил төрлийн найрлагатай дотоодод үйлдвэрлэсэн эмийг 35 ам доллараар авч болж байлаа. Үнийн ялгааг та бүхэн харж байгаа бизээ. Үүнээс үндэслээд миний бодол гэвэл ядаж тодорхой хэмжээнд дотоодын хэрэгцээ шаардлагаа хангадаг эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлд анхаарах нь зүйтэй юм болов уу. Ядаж л өөрсдийн хэмжээнд судалгаа хийдэг, тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг болох хэрэгтэй ч юм шиг. Энд тэндхийн өндөр үнэтэй эм авах гэж оролдож байхаар. Үнэндээ бол манай улсаас гарч байгаа мөнгөн урсгалын нилээдгүй хувийг эрүл мэндийн шалтгаантай холбож тайлбарлахад буруудахгүй болов уу. Миний мэдэхийн л санхүүгийн боломжтой маш олон хүн Монголын эмнэлэг, эрүүл мэндийн системийн найдвартай ажиллагаанд итгэдэггүй дандаа гадагшаа гарч эмчлүүлж байдаг шүү дээ. Экс ерөнхий сайд мориноос унаад Солонгос явж, экс ерөнхийлөгчийн хадам ээжийн бие нь тавгүйтэхэд Бээжин явдагаас эхлээд л. Хэрвээ уул уурхайтай холбоотойгоор нэгэнт л нилээдгүй мөнгөн урсгал орж ирэх нь тодорхой болсон юм бол эрүүл мэнд, эмийн/биотехнологийн салбарыг дэмжихэд буруудахгүй л юм болов уу гэж мунхаг би бодох юм.

No comments: