January 28, 2010

The world is flat

Thomas L. Freedman-ий The world is flat хэмээх ном монгол хэлнээ орчуулагдаж гарчээ. Уншлаа их ч олон зүйл бодогдуулах ном болсон байна. Жаахан хожуу уншсан нь тиймэрхүү боловч магадгүй уншаагүй байгаа хүмүүст сэтгэгдэл төрүүлэх болов уу гэж үзсэн тул бодлоо хуваалцахаар шийдлээ.

Хамгийн гол нь ирээдүйд таныг болон танай хүүхдүүдийг ер нь ямар орчин хүлээж байна вэ гэдэг талаар нилээн ойлголт өгөх ном болсон байна гэж дүгнэлээ. Бичсэн бүх зүйлс нь баримтан дээр тулгуурласан бөгөөд өөрийн мэдэж, мэдэрч байгаа багахан туршлага дээр үндэслээд хэлэхэд нилээдгүй үнэн зүйл бичсэн болж таараад байна. Үүнээс өөрийнхөө чухалчлан авч үзсэн хэсгүүдийг нэгтгээд оруулах гэж оролдлоо. Ер нь энэ номыг аваад уншихыг зөвлөж байна.

Дэлхий хавтгайраад байна гэнэ. Хүмүүсийг, тэр бүү хэл алдарт Пүлитцэрийн шагналыг гурван удаа хүртсэн Томас Фридманыг “унтаж” байх хооронд шүү.
Хавтгайрал гэдгийг ер нь юу вэ гэдэг талаар хоёр жишээ өгөх гэж оролдьё.
1. АНУ-н маш олон дунд болон жижиг эмнэлгүүдэд радиологчид САТ зургаа Энэтхэг, Австрали руу аутсорсинг байдлаар явуулан онош тогтоолгож байгаа. Давуу тал нь гэвэл АНУ-д шөнө болж байхад Энэтхэг, Австралид өдөр болж байна. Эмч шөнө нь амраад өглөө нь ажил дээрээ ирэхэд зурагны онош нь гарсан хүлээж байна. Энэтхэг эмч карри, будаанаас салахгүйгээр Энэтхэгт өндөр цалингаар ажиллачихна. Америк эмч харьцангуй бага зардлаар ажилаа хийлгэчихнэ. Өвчтөн хүлээж цаг алдах шаардлагагүй. Хэн хэн нь л ашигтай ажиллаж байна.
2. Асуулт: Леново компани хаана төв оффисоо байгуулах вэ?
Хариулт: Глобал бизнессийн байгууллагын хувьд, Леново нь дэлхий даяар байрласан ажилчид ба хөрөнгө бүхий газарзүйн хувьд тархсан байдалтай байх болно. Сонсоход хатуу үнэн нь, менежментийн баг, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагч нарт хаана ажлын байр бий болж хаанаас ашиг орлого олох нь ялгаагүй байдаг, тэд зөвхөн найдвартай компанийг л сонирхдог.

Зохиогчийн юу хэлэх гээд байгаа нь ойлгогдсон байх гэж найдаад үргэлжлүүлье.

Ноён Фридманы тодорхойлсноор дэлхийг хавтгайлагч 10 хүчин зүйл байна.
1. Бүтээмжийн хөгжлийн шинэ үе. Үндсэндээ коммунизм унаж дэлхий дахинд коммунист замналаар замнаж байсан улсууд зах зээлийн эдийн засагт шилжин аливаа хоригийг цуцалснаар нээлттэй хэлбэрээр хөгжиж, бусдаас суралцах, бусадтай өрсөлдөх боломжтой болсон, мөн үүнтэй зэрэгцээд дэлхийд personal computer бий болсноор энэхүү хөгжлийг хэрхэн хурдасгасан тухай;
2. Вэб хүрээлэл, анхны вэб браузэр. Энэ хэсэгт интэрнэт гэж юу болох хэрхэн хөгжсөн, яаж ийм их шилэн кабель тавигдсан, энэ нь ямар үр дагавар авчирсан болон интэрнэт хэрэглээ хэрхэн хялбарчлагдсан тухай;
3. Тусгай програм хангамжууд. Ажил хэрэг жинэхэн утгаар үр өгөөжтэй хөгжих нөхцөл бололцоог хангасан олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн интэрнэт стандартууд /http, htlm, tcp/ip, xml, soap гэх мэт/ болон эдгээрт асуудалгүй ажилладаг програм хангамжууд /windows office, e-mail, илүү нарийн бусад програм хангамжууд/ болон интэрнэтэд суурилсан програмуудын хөгжил нөлөөллийн тухай;
4. Интэрнэтээр түгээхүй буюу uploading /open source software, forum, blog, wikipedia гэх мэт/ Uploading хийх боломжтой болсноор хүмүүс өөрсдийн ололт амжилтаа хуваалцан энэ нь мэдээллийн хурд нэмэгдэхэд болон дэлхий хавтгайрахад хэрхэн нөлөөлсөн тухай;
5. Outsourcing. АНУ-аас яагаад энэтхэг рүү хамаг үйлчилгээ нь яваад өгсөн тухай, үүнд юу шалтгаалав, энэ нь ямар үр дагавартай гэдэг тухай;
6. Offshoring. Хөгжингүй орнуудад байсан үйлдвэрлэлийг яагаад шилжүүлэх шаардлагатай болсон, шилжүүлсний үр дагавар зэргийн тухай өгүүлжээ. Надад харин энэ бүлэгт байгаа нэгэн шүлэг их таалагдаад та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Доорхи шүлгийн утгыг та номыг уншсаны дараа сайн ойлгох болно.

Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэ
Өөрийгөө бүгдээс хурдан давхихгүй бол болохгүй гэдгийг мэддэг гэнэ
Өлөн арслан түүнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ

Өглөө бүхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ
Өлбөрч үхэхгүйн тулд тэрээр
Өнөөх бөхөнгөөс хурдан давхих хэрэгтэй гэдгээ мэддэг гэнэ

Харин чи бөхөн ч бай арслан ч бай
Халуун нар мандан хөөрөхөд
Хамгаас түрүүнд давхиж эхлэх хэрэгтэй

7. Хангамжийн нэгдсэн сүлжээ. Энэ бүлэгт Wall Mart-аар жишээлэн хангамжийн нэгдсэн сүлжээ гэж юу болох, ямар аймаар хүч чадалтай эд болох тухай өгүүлжээ. Supply management, procurement, аливаа бизнессийн чиглэлийн улсуудад ч гэсэн их л хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна байх.
8. Insourcing буюу компаний дотоод үйл ажиллагаанд оролцох нь. Энэ хэсэг нилээд сонирхолтой бөгөөд мэнэжмэнтээ боловсронгуй болгож чадсан эсвэл өөрсдийн ложистикээ ашиглан бусад компаниудын дотоод ажиллагаанд нь орж ажиллаж байгаа томоохон компаниудын тухай өгүүлсэн.
9. Google, yahoo, msn хайлтын системүүд.
10. Стероидууд. Энэ хэсэгт утасгүй холбооны ая холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ эдгээр стероидууд олон утасгүй холбоо яах хүчтэй талаар тайлбарлажээ. Зохиогч зарим шинэ технологуудыг стероидууд гэж нэрлэсэн бөгөөд энэхүү шинэ технологиудад *тоон, хөдөлгөөнт, хийсвэр, хувийн* гэсэн шинж чанартай байх бөгөөд энэ нь хувь хүний чадварыг улам сайжруулах ажээ.

Дараагийн бүлгүүдээс АНУ-д хэтэрхий хамаарсан хэсгийг нь алгасаад зарим ач холбогдолтой гэж үзсэн хэсгийнхээ талаар сийрүүллээ.
Тэгэхээр, энэхүү хавтгайрлын цохилтод үл өртөгсөд нь
- Аугаа хамтрагчид - Ийш тийшээ явж шинийг эрэлхийлэгчид
- Аугаа нийлүүлэгчид – Хоёр мэргэжлийг холбон байхгүй орон зайг өөрөө өөрсдөдөө бий болгогчид
- Шилдэг тайлбарлагч - Өөрийнхөө шинэчлэн эзэмшсэн мэргэжлээ дараагийн боловсронгуй шатанд оруулах, хувьсгах чадвартай хүмүүс
- Шилдэг технологи эзэмшигч
- Шилдэг зохицогч - Хаашаа л бол хаашаа л хэвийх чадвартай хүмүүс
- Бизнесс модел/загварчлалыг амжилттай хэрэгжүүлж чаддаг хүмүүё зэрэг байх нь ээ.
Эндээс онцолбол, үндсэндээ ямар хүн амжилттай байх вэ гэвэл “Хэрхэн суралцахыг сурах”, буюу байнга өөрийг шинэчилж чаддаг байх тийм хүн л амжилттай байна. Фрийдман сурагчдад зөвлөхдөө Томас “Хамгийн дуртай багш нарынхаа жагсаалтыг гарга, юу зааж байгаа нь хамаагүй хичээлд нь суу. Сурахдаа баяр баясгалан олж авах нь илүү чухал юм.” гэсэн байх юм.
Үүнийгээ тайлбарлахдаа
Урам зоригийн итгэлцүүр + Сониуч зангийн итгэлцүүр > Оюуны итгэлцүүр буюу “Сониуч бөгөөд сонирхсон юмандаа анхаарсан (хөдөлмөрлөсөн) хүн л амжилт олно, тэрнээс байнга онц дүнтэй сурдаг хүүхэд биш” гэж жишээ татсан байна. Энэ ч гэхдээ Фридман хэлсэн хэлээгүй олон жишээгээр батлагдчихаад байгаа эд байх.
Хүмүүстэй харилцахдаа дуртай байх ёстой. Баруун тархиа хөгжүүл, энэ нь шинийг бүтээгч байхад хэрэгтэй бөгөөд ирээдүйд энэ чанар амжилт олно (шинийг санаачилж энэ нь нэмүү өртөг үүсгэнэ гэх)

Жишээ нь, өөрөө энэ тал дээр заримдаа бодрж “цаг алдаг“ хүний хувьд багш нарт л гэж зөвлөхөд хичээлээ заахдаа, интэрнэт ухах даалгавар өгөх, ном ашиглах, ажиллаж байгаа хүмүүсээс авчирч лекц уншуулах, сурагчдын нээлттэй сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарал тавих, эрхийнхээ төлөө тэмцдэг болоход нь туслах гэх мэт зүйлсийг хийх хэрэгтэй. Ингэснээр өөртөө итгэлтэй, зөв хүмүүс бэлдэх юм. Номыг бол хэн ч уншаад шалгуулаад байж болно, бас буруу зөв нь мэдэгдэхгүй нэг ном яриад л байвал сургачдадаа унтахыг сурахаас өөр юм өгч чадахгүй байх. Энэ миний бодол шүү, номон дээр ийм юм байхгүй.

Эрх чөлөөт байдал, түүний үр дагавар чөлөөт сэтгэлгээ шинэчлэлийг авчирдаг. Энэ шинэчлэл нь сайн хөгжсөн, сайн зохицуулалтай хөрөнгийн зах зээлээр дамжин биеждэг. Учир нь нэгэнт томорсон компаниас шинэчлэл гарах нь ховор байдаг, тиймээс өндөр эрсдэл хүлээн жижиг санаанд хөрөнгө оруулагчдын ач холбогдлыг онцгойлжээ. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг болон оюуны өмчийг хамгаалах боловсронгуй хуулийн системтэй байх шаардлагатай бөгөөд, энэ нь шинэчлэл агуулсан гэхдээ эрсдэлтэй санаанууд амилах, дэмжигдэх, баталгаажихад ач холбогдолтой аж. Өмнө нь хүмүүс нэг их дурдагдаагүй боловч уян хатан хөдөлмөрийн хуулийн ач холбогдлыг их сайн тайлбарласан байна. Ажилд авахад болон халахад амархан улсуудад хөрөнгө оруулалт их татдаг бөгөөд үүгээрээ боловсронгуй хөдөлмөрийн хуультай тухайн улсад үр дүнтэй болон өгөөжтэй ажиллагаа ихэсдэг байна. Хөдөлмөрийн зах зээл ч боловсронгуй, хөгжингүй болдог ажээ.
Мэдээж хэрэг улс төрийн тогтвортой байдлыг мартаж болохгүй.

Эдгээр бүх институцчлэл, хууль зүйн орчин, соёлын хэм хэмжээ гэх мэт хүчин зүйлс нэгдээд итгэл гэдэг зүйлийг бий болгодог. Энэ итгэл байсан газар хөгжил байх болно гэжээ. Энэ үнэн юм. Үндсэндээ хөгжсөн нийгэмд аливаа хувь хүн бизнесийн байгууллагад мэдээлэл, бүртгэлийн систем нь өндөр хөгжсөн үндсэндээ хэн нь хэн бэ гэдгийг үнэлж түүнийх нь дагуу өдөр тутмын бизнессийн үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Манайд бол өнөөхөндөө хэн нь сайн хуурч хулхидаж, лоббидож, хахуульдаж чадаж байна гэдгээр биснессийн амжилт нь хэмжигдэж байгаа нь харамсалтай. (Шударгаар өрсөлдөж байгаа хэдэд нь хамаагүй)
Хэдийгээр зохиогч АНУ-д хамааруулж хэлсэн боловч нөгөө талаар бид бас үүнийг бодож байх хэрэгтэй гэдэг утгаар бичлээ.

- Тооны ялгаа. Хятад Энэтхэг зэрэг улсуудад боловсорч буй оюутныхаа тоогоор илт давуу болж эхэллээ. Эдгээр оюутнууд хамгийн гол нь байгалийн шинжлэх ухаан болон технологий сурч байгааг онцолж байлаа. Энэ нь хэтдээ АНУ-тэй зэрэгцээд эдгээр улсуудад цаашдын шинэ олотууд нээгдэх, хамгийн гол нь тэд АНУ бусад улсаас хүний олноор давамгайлна гэдгийг анхааруулсан байлаа.
Харьцангуй давуу нь л энэ хоёр болохоос биш цаана нь бусад зүүн Европ, Бразил, Орос, зүүн өмнөд азийн улсууд гээд л нэмэгдээд байна. Энэ нь манайд яаж мэдрэгдэх вэ гэхээр олон улсын зах зээл дээр бидний ажлын байрыг эд булаана. Байг манай дотоодын зах зээл дээр чадвараараа, үнийн өрсөлдөөнөөрөө ороод ирэхийг үгүйсгэхгүй, харин ч одооноос харагдаж байгаа биздээ. Монголчууд барилгаа барьж чадахгүй Хятадаас барилгачин оруулж ирээд байгаа биздээ. Энэ үзэгдэл ирээдүйд улам л газар авах гээд байна шүү.

- Боловсролын ялгаа
“Хууль, эдийн засгийн боловсрол ихээр олгож байгаа газар шинээр юм үүсэхгүй” гэжээ. Байгалийн шинжлэх ухаан зарим талаар уйтгартай ярвигтай хэдий ч энэ зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн байна.
Манай боловсролын систем гэж жонхуу, дээд боловсролтой зөөгч бармэн хүртэл бэтлгэж байгаа биздээ. Тэгсэн хирнээ чадвартай мужаан, сантехникч, өрлөгчин байдаггүй. Одоо тэр хэд нь “алт” болж байна шүү дээ.

- Хүсэл тэмүүллийн ялгаа.
Аливаа улс, нийгэм хүсэл тэмүүлэл, тэмцэлтэй байж байж урагшилдаг, сүүлийн үед АНУ-д энэ алдагдаад байгаа тухай онцгойлоод залуу үе нь тэйртэйнмэнтэд хэтэрхий их автаж байна. Өөрсдийгөө дайчлах зовоох нь бага болсон гэж үзжээ.
Манайд энэ нь шууд утгаар хэлэхэд хэцүү ч зарим нэг хэсгийн бас иймэрхүү хандлага байж болохыг үгүйсгэхгүй байна
Надад энэ хэсэг их сайхан санагдсан юм.
“Хэдий чинээ бага байгалийн баялаг байна төдий чинээ хавтгайжилт байна” гэж. Үүнийг улс орнуулын хувьд Япон, Тайвань, Өмнөд Солонгосын, компаний хувьд АНУ-ын бөөний худалдааны Wallmart –аар жишээ авч тайлбарлаад (номын ондоо бүлэгт), нөгөө талд байгалийн баялагтай боловч үгээгүй ядуу Африкийн, нээлттэйгээр хөгжиж чаддагүй Арабын зарим нэг улс орон, нөөц бололцоогоо зөв ашиглаж чаддаггүй Мексик, латин америкийн зарим орноор жишээлэн тайлбарлажээ.
Баялаггүй орны хүмүүс сэтгэл санааны хувьд өөрсдийгөө бэлдчихдэг юм шиг байгаа юм.
“Толгойдоо болон гэдсэндээ хийснийг чинь хэн ч авч чадахгүй” гэсэн үг Хятад зүйр үг байдаг юм байна. Тайваний оюутнуудад багш нар нь “Та нарт хэзээ ч америк, канад шиг амьдрах боломж байхгүй, тиймээс сайн сурч, шургуу хөдөлмөрлөөд, чаддагаа экспортолж амьдрах орын ганц гарц бий гэж “хурцалдаг” юм байна”.
- Хөгжлийг, шинэчлэлийг авчирмаар байгаа бол шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд мөнгө татах хэрэггүй гэсэн байна.
- Хавтгай гэдэг үгийг нөгөө талаар тайлбарлахдаа аливаа байгууллагын /төр, хувийн хэвшил хамаарахгүй/ босоо шат давхаргыг бууруулах нь хамгийн өндөр өгөөжтэй, шуурхай нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн санаа байлаа. Манай төрийн албаныхан уншицгаагаасай билээ. Унших нь яахав, хэрэгжүүлэх тухай бодолцоосой билээ. Сайд, сайдын туслах /дагалдан баясагч юмуу юу юм/, төрийн нарийн, за тэгээд харъяа байгууллагын дарга, дэд дарга, зөвлөх, газрын дарга, түүний орлогч, орлогчийн орлогч/наргиа байв/, ахлах түшмэл, ямар юмны яасан дунд түшмэл,гэх мэтчилэн явж өгнө дөө тэгээд.
Такро болон микро хөгжлийн бодлого хэрэгжүүлэлтийн Ирландын хөгжлийн жишээ, тэдний төрийн бодлогыг тайлбарласан, латин америк – хятад зэргийг харьцуулсан сайхан түүхэн жишээнүүд, компаниуд яаж тэсч үлдэх вэ, яаж амжилтанд хүрэх вэ, ер нь хаачих гээд байна гэдэг талаар төсөөлөл өгөх гэж оролдоод номоо дуусгажээ.

Мэдээж хэрэг хүн болгонд таалагддаг зүйл ховорхон байх. Надад сонирхолтой санагдсан зүйл танд тиймгүй санагдаж болох. Гэхдээ энэ номонд танд таалагдах зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь таныг ямар ертөнц хүлээж байх талаар бодит үнэнд ойрхон байх болов уу /reasonable/ гэмээр төсөөлөл өгөх болно.

За ингээд ухаантай зохиолчийн бичсэн номыг гайхалтай хэдэн монгол залуус орчуулсан байсныг уншаад товчлох гэж оролдсон нэгэн галзуу хүний өдрийн тэмдэглэл дуусч байна. Гэхдээ таны ном унших гэсэн сонирхлыг өчүүхэн ч гэсэн өдөөсөн болов уу гэж найднам. Өөрсдөө уншаад үзээрэй.

No comments: