December 15, 2009

Хахууль байх ёстой юу.

Би өнөөг хүртэл хээл хахууль огт байх ёсгүй гэж бодож байлаа л даа. Гэтэл саяхан манай нэг танил, Тайваньд метро барих төсөл дээр ажилладаг Ирландын мэргэжилтний ярьсан нь сонин санагдаад... Түүний ажиллаж байсан компаний Тайваньд байгаа ажил нь үндсэндээ зогсолтонд орсон, тийм байдал нь таалагдахгүй байгаа тул манай хүн ажлаасаа гарсан тухай ярьлаа.
Юу болсон бэ гэвэл, захиалагч Тайваний засгийн газар, гүйцэтгэгч Японы компани хоёрын хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнээс болсон гэнэ. Гэрээг байгуулах үеийн өртөг нь өнөөгийнх шиг өндөр байсангүй, гэрээн дээр хүлээн зөвшөөрсөн үнээр гүйцэтгэл хийх ямар ч боломжгүй. Японы компаний удирдлага дээгүүр “яриад” болгочих гээд байдаг. Хахуулийн эсрэг хэт хатуу дүрэм журам байр суурьтай болохоор тэр “дээрээс” нь хэн ч үүнтэй холбогдохын хүсэхгүй байгаа юмуу даа. Тэгээд хийснээсээ урамшуулал (бонус) авч цалинждаг компаний мэргэжилтэнгүүд нь хүлээж дийлэлгүй дараа дараагийнхаа төсөл саналыг бодож байгаа юм байна. Манай хүний яриад байгаагаар бол хэрвээ хахуулиас ингэтлээ их айдаггүй улсад бол дунд шатанд нь шийд гаргачихсан өдийд бараг хэрэгжүүлээд дуусчихсан байх бололцоотой юм билээ л дээ. Дунд шатныхан нь дээрээс тушаал, шийдвэр хүлээнэ, хахуулиар аргалах гэж оролдсон ч араа бодоод авдаггүй юм байхаа. Тэгээд болголоо гэж бодоход Япон дарга нар нь зөвшөөрөхгүй юм байх. Ингээд л хэн хэн нь л “хохироод” байдаг сурагтай. Засгийн газар нь эцсийг бүтээгдэхүүнээ ч авсан юм байхгүй, хэдэн зөвлөх мэргэжилтэн хөлслөөд авчихсан тэдний цалин хангамж, зөвлөгөө зэрэгт баахан мөнгө гарздаад л, төрийн албан хаагчид нь ч гэсэн гүйцэтгэл байхгүй асуудалтай зууралдаж цагаа гарздах ч төсвөөс цалинжаад л, нөгөө талд компани, ажилчдадаа хэдий бонус өгөхгүй байгаа ч гэсэн ажилчдын цалин, хангамж, байрны түрээс бас бус урсгал зардалд шатаад л. Эхнээсээ яг учрыг нь мэддэг, гарддаг инженерүүд нь ажлаа хаясан зэрэг нөхцөл байдалтай байгаа гэлээ. Энэ мэт асуудлыг хараад байхад хахууль хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ ядаж төрийн албан хаагчид нь хахуулиас айдаг болох хүртэл манай улсад энэ тухай цухалзуулах гэсний хэрэггүй л болов уу. Ямар ч байсан “наанатай цаанатай” гэдгийн бас нэг жишээ юм болов уу.